Дорноговь аймагт 8 хөлтэй ишиг төрсөн нь ургийн гажиг болохоос ураны хордлого биш гэж ЗГ-ын ажлын хэсэг дүгнэлээ | DAAM.MN

Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь ураны үйлдвэр орчимд ЗГХЭГ-ын даргын тушаалаар томилогдож мэргэжлийн шинжилгээ хийсэн ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл

“ЗГХЭГ-ын даргын тушаалаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Бадрах энержи” компанийн орчимд ураны шинжилгээ хийх мэргэжлийн гишүүдтэй ажлын хэсэг 2020 оны зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 2-ны хооронд тухайн газарт ажиллаж шинжилгээ хийлээ. Энэ ажлын хэсэг нь нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй  ажиллаа.

Ажлын хэсэг хүний эрүүл мэнд, цацрагын, малын эрүүл мэнд, хөрс усны,  хэвлэл мэдээлийн гэсэн чиглэлүүдээр шинжилгээ нийт 296 дээж авч холбогдох лабораторит шинжлүүлсэн.

Цөмийн цацрагын судалгааны тухайд “Бадрах энержи” компанийн хайгуул болон туршилтын олборлолт явуулсан талбайгаас дээж аван шинжилсэн байна. Шинжилгээний дүнгээр хүн, малын эрүүл мэндэд хортой цацрагын тун тогтоогдоогүй байна. Улаанбадрах сум нь ураны агууламж өндөртэй бүс нутаг учраас тухайн газар нь Монгол орны дундаж хэмжээнээс 15-16 дахин өндөр цацрагын тун хэмжээтэй байдаг гэв.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл “Малын төрөлхийн гажиг олон зүйлээс шалтгаалдаг. Шинжилгээний дүнгээр уранаас шалтгаалж төрөлхийн гажиг үүсч байгаа нь тогтоогдоогүй. Цаашид өргөн хүрээнд, урт хугацаанд судлах шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар Улаанбадрах суманд уранаас шалтгаалан хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, малын эрүүл мэнд хүндэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй” гэлээ.