• 2020-02-29
  • 2762.71 USD
  • -9° C

Коронавирусээс сэргийлэх 10 зөвлөгөөг дэлхий нийтэд зөвлөжээ ДААМ.МН

30/01/2020 181 0

БНХАУ-аас эхтэй, үхлийн аюултай коронавирусийн халдварын айдсыг дагасан үймээн самуун зөвхөн Монголд бус дэлхий дахинд нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа талаар “Foreign Policy”-д дурджээ. Коронавирусийн талаар эрдэмтэд хангалттай мэдээлэлтэй болж чадаагүй байгаа ч өвчин дэгдээд буй орны хэд хэдэн мэргэжилтнүүд өмнө нь дэгдэж байсан “MERS”, “SARS” зэрэг халдварт өвчинтэй тэмцэхэд хэрэглэж байсан хамгийн үр дүнтэй аргуудыг дэлхий нийтэд ийнхүү зөвлөжээ. Та өөрийгөө болон гэр бүлээ “2019-nCoV” вирусийн халдвараас хамгийн энгийнээр сэргийлж болох эрдэмтдийн өгсөн дараахь 10 зөвлөмжийг дагаарай.

1. Гэрээсээ гарахдаа заавал бээлий өмсөөрэй. Олон нийтийн газраар үйлчлүүлэх, нийтийн тээвэрт зорчихдоо үргэлж бээлийн өмсөх хэрэгтэй. Учир нь “2019-nCoV” вирус нь хүрэлцэх замаар халддаг байж болзошгүй. Мөн гэртээ ирээд олон нийтийн газраар өмсөж явсан хувцсаа тогтмол угааж, ариутгаж байхыг зөвлөж байна.

2. Хэрэв та олон нийтийн газар бээлийгээ тайлж хооллох шаардлагатай болсон эсвэл хэн нэгэнтэй гар барьсан тохиолдолд яаж ч загатнаж байсан гараа угаалгүйгээр нүүр, нүд, хамраа нухаж болохгүй. Гараа угаахдаа сайтар савандаж, бүлээн усаар зайлж, хатаасныхаа дараа бээлийгээ өмс. Аль болох бусадтай гар барихаас зайлсхийж, мэндчилэх хэлбэрээр мэндлээрэй.

3. Амны маскыг тогтмол сольж, бээлий зэрэг гадуур өмсдөг бусад хувцсыг тогтмол угаа. Ямар ч тохиолдолд чийгтэй хувцас өмсөж явж болохгүй. Учир нь “2019-nCoV” вирус чийгтэй орчинд тэсвэртэй байх магадлалтай.

4. Ихэнх амны маск нь дээд тал нь 1-2 цагийн хугацаанд зүүж хэрэглэхэд зориулагдсан байдаг. Зарим тохиолдолд амны хаалт хэрэглэх нь үр дүнгүй гэх мэргэжилтгүүд ч бий. Гэсэн ч нэг амны маскыг удаан хугацаанд хэрэглэх нь хамгийн муу үр дүнтэй. Учир нь гадуур хувцас, куртик, хүзүүний ороолтын дотор талд зүүсэн амны масктай чигээрээ дулаан газарт ороход муухай үнэртэж байгааг та анзаарсан байх. Энэ бол таны амнаас гарч буй эвгүй үнэр юм. Энэ мэт орчин нь вирус үржих таатай нөхцөл болдог. Тиймээс аль болох олон нийтийн газраар явахаас зайлсхийх нь хамгийн зөв сонголт. Үндсэндээ халдварт өвчин дэгдсэн үед бусадтай харилцахдаа хагас метр орчмын зайнаас ярихыг хамгийн тохиромжтой стандарт гэж олон улсад үздэг. Хэрэв хэн нэгэн ханиалгаж байвал түүнд бусдыг хамгаалах үүднээс амны маск зүүхийг санал болгоорой. Энэ тохиолдолд 3 метрийн зайнаас харьцах эсвэл шаардлагагүй тохиолдолд тухайн хүнийг орхин явах нь зөв алхам болно.

5. Гэрийн нөхцөлд ариун цэврийн өрөө болон гал тогоон дахь бүх алчуурыг тогтмол ариутгах, эсвэл гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор шинэ алчуур гарга. Харин оффисын нөхцөлд аль болох нэг удаагийн цаасан алчуур, хатаагч зэргийг хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь хэдий та тогтмол гараа угааж байгаа ч цэвэр алчуураар арчихгүй байх нь элдэв нян, бактери дамжих эрсдэл болдог. Энэ тохиолдолд гараа арчихгүй хатаахыг илүүд үзэх хүн байдаг. Гэвч “2019-nCoV” вирус нь чийгтэй орчинд идэвхтэй үрждэг гэх таамаг бий. Мөн гарын алчуурыг долоо хоногт хоёр удаа угааж, сайтар хатаах нь зүйтэй. Учир нь чийгтэй алчуур нь олон төрлийн томуу, томуу төст өвчний вирус үржих таатай орчин болдог.

6. Хаалга онгойлгохдоо аль болох гараараа барихгүй байхыг хичээгээрэй. Хэрэв та хаалгыг дохой, хөл эсвэл хоёр гараас бусад биеийн аль нэг хэсгээр онгойлгох боломжтой бол тэгэхийг зөвлөж байна. Хаалганы бариул дээр маш их вирус, нян наалдсан байдаг учир дээр дурдсанчлан бээлий өмсөхийг зөвлөж байгаа нь ийм учиртай. Тиймээс хаалганы бариулыг тогтмол ариутгагч бодисоор угааж, цэвэрлэн, сайтар хатааж байхыг зөвлөх хэрэгтэй. Үүнтэй ижлээр шатны бариул, гар утас, зурагтын удирдлага, компьютерын хулгана, гар зэрэг гараар барьдаг бүхнийг тогтмол ариутгах шаардлагатай. Дахин сануулахад юунд ч хүрсэн гэсэн нүүр, нүд, хамраа нухаж хэрхэвч болохгүй.

7. Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идээрэй. Хамгийн гол нь хүүхдүүддээ хүний уусан аяганаас уухгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх ёстой. Мэргэжилтнүүдийн хувьд Хятадад янз бүрийн халдварт өвчин тогтмол гардгийн нэг шалтгааныг тэдний нэг тавагнаас хуваалцаж иддэг соёлоос шалтгаалдаг байх талтай гэж үздэг. Тиймээс ядаж “2019-nCoV” вирусийн дэгдэлт намжих хүртэл нэг тавагнаас хуваалцан иддэг Ази хоолноос татгалзахыг зөвлөж байна. Учир нь хэдий хүн бүр өөрсдийн савх, тэр байтугай нэг удаагийн хэрэглэлээр хооллосон ч хамгийн том тавагтай, хамгийн амттай үндсэн хоолонд хүн бүр амандаа хүргэсэн савхаар хүрдэг билээ. Мөн халдварт өвчин дэгдсэн үед ресторанаар үйлчлүүлэхээс аль болох зайлсхийж гэртээ хооллохыг зөвлөж байна.

8. Вирусийн эх үүсвэрийг эрдэмтэд тогтоох хүртэл аль ч тохиолдолд ямар ч амьд амьтан, загас зэргийг хүнсэндээ худалдан авч болохгүй. Нойтон маханд хүрэхдээ заавал нэг удаагийн бээлий хэрэглэж, нэн даруй устгаж байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хогийн савандаа удаан байлгаад байж хэрхэвч болохгүй.    

9. Боломж гарсан бүрд гэр болон албан тасалгааны цонх, хаалгыг нээж агаар сэлгэц хийж байх. Учир нь вирус агаарын сэлгэлт сайтай нөхцөлд үржиж чаддаггүй. Гэсэн ч гадаа хэт хүйтэн байгаа тохиолдолд өрөөний температурыг хэвийн хэмжээнээс доогуур болтол цонхоо удаан нээлттэй байлгаж болохгүй.

10. Эцэст нь, хэрэв та халуурч байгаа, эсвэл өвчний шинж тэмдэг илэрсэн гэр бүлийн гишүүнээ асарч байгаа тохиолдолд түүнтэй ойр байх бүрдээ үргэлж амны маск зүүх шаардлагатай. Мөн өвчтэй хүний амны маскийг солихдоо нэг удаагийн резинэн бээлий өмсөж, аль алийг нь сайтар битүүмжилсэн байдалтайгаар нэн даруй хаях хэрэгтэй. Үүнээс гадна өвчтөний нүүр, гарыг угааж өгөх зэрэгт үргэлж резинэн бээлий өмсөж, нэг удаагийн хэрэглэл ашиглахыг зөвлөж байна. Өөрийгөө хамгаалахын тулд аль болох хоолойтой, урт ханцуйтай зүйл өмсөх нь зүйтэй. Хэрэв боломжтой бол өвчтөнийг гэрт тусдаа өрөөнд тусгаарлах нь хамгийн оновчтой бөгөөд гэрийн хаана ч тогтмол ариутгал хийх шаардлагатай. Хамгийн чухал нь гэрт өвчтэй хүн байгаа тохиолдолд агаарын сэлгэц хийхдээ маш няхуур хандах хэрэгтэй. Учир нь тасалгааны температур хэт хүйтэн болох нь өвчтөний эрүүл мэндийг улам муутгах үр дагавартай байхыг үгүйсгэхгүй.

БНХАУ-ын Засгийн газрын зүгээс “2019-nCoV” вирусийн тархалтын эсрэг ирэх өдрүүдэд эрс шийдэмгий, хүчтэй арга хэмжээнүүдийг авч эхлэх магадлалтай байгаа нь ажиглагдаж буй. Энэ нь Хятадын ард түмэнд хүндээр тусах нь гарцаагүй. Энэхүү өвчний тохиолдол илэрсэн дэлхийн бусад орнууд ч ижил төрлийн арга хэмжээ авах нь цаг хугацааны асуудал. Гэсэн ч эрдэмтэд одоог хүртэл уг өвчний эсрэг вакцин, эмчилгээ гаргаж авахаар шаргуу ажиллаж байгаа бөгөөд эхнээсээ үр дүнд хүрч эхэлсэн талаарх нааштай мэдээнүүдийг эх сурвалжууд өгөх болсон. Үндсэндээ шинжлэх ухаан ялалт байгуулах хүртэл зөвхөн та л өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ үхлийн аюултай энэхүү вирусээс хамгаалж, сэргийлж чадна.

Тиймээс нөхцөл байдлыг даган сандралд автахаас илүүтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээг өөртөө хариуцлагатайгаар хэрэгжүүлэх нь хамгийн зөв сонголт юм.

Холбоотой мэдээ

Гайтай, Лайтай, Байхгүй, Юмгүй, Яанаа гэдэг үгсийг хэзээ ч бүү хэл| ДААМ.МН

Хүний амнаас гарч буй үг нь өөрөө энергийн бөөгнөрөл үүсгэдэг юм. Тиймээс нэг үгийг хэдий чинээ оло

29/02/2020

Монголд “давраад” байгаа гурван зүйл бол уул уурхай, улс төр, банкны систем

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 27-нд МҮХАҮТ-д үндэсний компанийн захирлуудтай уулза

28/02/2020

БНХАУ : Банкны өрийг хойшлуулах, хүүг тооцохгүй болгох шийдвэр гаргалаа | ДААМ.МН

Банкны өрийг хойшлуулах, хүүг тооцохгүй болгох шийдвэр гаргаснаа Хятадын Засгийн газрын тэргүүн&nb

28/02/2020