
Шинэ коронавирусын халдварын голомт БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд ороод байсан Монгол Улсын харьяат 32 хүнийг эх орондоо авчирсан. 31 оюутан, бага насны нэг хүүхэд ирсэн. Онгоцноос буунгуут нь тэдний халууныг шалгаж, тоноглосон автомашинаар ХӨСҮТ рүү хүргэн, өндөр зэрэглэлээр ариутгасан тусгай өрөөнд тусгаарлаад байна. Ухань хотоос авчирсан иргэдийг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 14 хоног тусгаарлах юм байна. Тодруулбал, ХӨСҮТ-д тэдгээр иргэдийг тусгаарлаад байна. Тухайн иргэдэд үзлэг, оношилгоо хийх эмч, мэргэжилтнүүд, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хүмүүс томилогдон ажилдаа оржээ.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Ухань хотоос ирсэн 32 иргэнээс гадна нисэх бүрэлдэхүүний 15 хүн нийлээд 47 хүнд 14 хоногийн тусгаарлалт хийнэ” гэлээ. Нислэгийн багт онгоцны даргаар Г.Баатарцогт, хоёрдугаар нисгэгчээр Б.Батманлай, Т.Эрдэнэ-Очир, инженер техникчээр А.Болд нар нар ажилласан бол тусгай томилгоогоор Т.Бат-Орших, Ж.Нямсүрэн, Б.Оргилбаяр, Б.Түвшинтөгс, Б.Чанцалням, Ү.Чинбаяр нарын ХӨСҮТ-ийн баг, хөлгийн үйлчлэгчээр С.Оюун, Мөнхдөл нар ажилласан байна.
Одоогоор ХӨСҮТ-ийн гадаа хамгаалалт гарсан байна.