Иргэдээ өмчтэй болгох нэрийдлээр эрх мэдэлтнүүд өөрсдөө хөрөнгөжсөн түүх

02/02/2020 372

Иргэдээ өмчтэй болгох нэрийдлээр эрх мэдэлтнүүд өөрсдөө хөрөнгөжсөн түүх 1991 оны 5 дугаар сард БНМАУ-ын өмч хувьчлах тухай хууль баталснаар эхэлжээ. Энэ үед манай орныг байнгын ажиллагаатай Улсын бага хурал удирдаж байсан бол Засгийн газрыг Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, Д.Жасрай нар ээлжлэн, тэргүүлж байлаа. Чухам л ард иргэдэд ягаан, цэнхэр тасалбар тарааж, “Хувьчил”, “Хувьдаа ав”, “Хувийн өмчтөн мандтугай” гээд байсан эрх баригчид тэр үед ард иргэдэд малын хашаа саравч, худаг мэтийг өгөөд, өөрсдөө үйлдвэр, үйлчилгээний газруудыг хамчихсан юм. Үүнийгээ хийхийн тулд Б.Элдэв-Очирын нэрэмжит Улаанбаатар хотын хүүхдийн кинотеатрыг өөрчлөн засаж, Хөрөнгийн бирж байгуулав. Уг биржийн захирлаар “Алт дилер”-ийн эзэн Н.Жаргалсайханы дүү Н.Золжаргалыг тавив.

Өмч хувьчлалыг их, бага гэж ангилан, томоохон үйлдвэрийн газруудыг их хувьчлалаар эрх мэдэлтнүүд өөрсдөө хувааж аваад, бага хувьчлалаар хөдөө аж ахуйн салбарын трактор комбайн, худаг, хашаа саравч мэтээр ард түмнийг гялайлгажээ. Дотоодын үйлдвэрүүдийн 50 гаруй хувь, худалдаа, үйлчилгээний газруудыг бүгдийг, мал сүргийн 90 гаруй хувийг хувийн өмчид шилжүүлэв. Нийт 1.9 сая гаруй хүнд цэнхэр, ягаан тасалбар олгож, 17.4 тэрбум төгрөгийн хөрөнгө хувьчилжээ. Яагаад ч юм, 113 мянган хүн цэнхэр, ягаан тасалбаргүй хоосон хоцорчээ. Энэ хувьчлалыг хөрөнгө оруулалтын эрхийн бичиг гэх сүржин нэртэй тэрхүү өнгөт тасалбарт тулгуурлаж явуулсан болохоор ийм олон хүн өнчин ишиг ч үгүй хоцорсон гэсэн үг.

255 нэгдэл, 52 САА, тэжээлийн 20 аж ахуй, эмчилгээ-тэжээлийн 250 цэг, 700 гаруй төв суурин, нэгдэл дундын амралтын газар 50, цагаан идээний 51 үйлдвэр, сүү-тосны 400 завод, эхчүүдийг амраах, амаржуулах 320 байр, дизель цахилгаан станц 300, зочид буудал 320, улаан булан 600, малын хашаа саравч 68 мянга, худаг 40 мянга, хүүхдийн кино театр, номын сан 25-ыг хувьчилсан байна. Гэвч эдгээрийн ихэнх нь хувьчлал нэрийн дор үрэн таран болж, тоногджээ.

Хамгийн оновчтой хувьчлал бол мал, орон сууц байв. 25 сая малыг 74 мянган айлд, 370 тэрбум төгрөгийн орон сууцыг 84 мянган өрх хувьчилж авчээ. Дарга нар мал авлаа гээд маллаж чадах биш, нэг л өвлийн зуднаар дуусгана гэдгээ мэдээд аваагүй хэрэг. Орон сууцыг бол тэнд амьдарч байгаа айлд нь өгөхгүй гээд яахав. Хөөж гаргаад өөрөө авалтай биш.

Зах зээлийн тогтолцоонд дөнгөж шилжээд явуулсан тэрхүү өмч хувьчлалын явц, цаашдын зорилтынхоо тухай П.Жасрайн Засгийн газар 1995 оны 1 дүгээр сарын 12-нд УИХ-д танилцуулжээ. Үүнийг сонсоод УИХ-ын гишүүд “Өмч хувьчлалын явцад туршлага дутагдаж, бодит бэрхшээл тохиолдсоны дээр бодлогын зарим алдаа, зохион байгуулалтын ажлын дутагдлаас шалтгаалсан гажуудал, зөрчил ч цөөнгүй гарлаа. Өмч хувьчлахдаа янз бүрийн арга хэлбэрүүдийг зөв хослуулаагүй, цэнхэр, ягаан тасалбарыг цорын ганц арга болгон өрөөсгөлөөр ханджээ. Хамт олонд нь давуу эрхээр олгох нэрээр өмч эзэмшигч жинхэнэ эздийг бий болгох нөхцөлийг хязгаарлаж, хөдөө аж ахуйн нэгдлийн хөрөнгийг төрийн хяналт зохицуулалтгүй урсгалд нь орхисон байна. Энэ мэт бодлогын хувьд алдаатай болсон байна” гэж дүгнэв.

Энэ бол их, бага хувьчлалд ерөнхийд нь тавьсан дүн. Хувьчлал гэдэг хичээл дээр УИХ-аар муу дүн тавиулсан Засгийн газар ард олноос ч онцмуу дүн авсан юм. Хувьцаа гэдэг зүйлийн учрыг олоогүй олон хүн авах л ёстой гэсэн ойлголтоор хувьцаа эзэмшигч болж хувирав. 1.1 сая гаруй иргэн Хөрөнгийн биржээр дамжуулан, хувьцаа авсан гэх тоо бий. Ийм байдлаар хувьцаат компани 466, бүрэн бус хариуцлагатай компани 1297, хоршоо 1907, хувиараа эрхлэх 850 аж ахуй бий болжээ.

Төрийн байгууллагууд өмч хувьчлалыг зохион байгуулахдаа алдаа гаргасан нь  хувьчлалыг гажуудуулж, зөрчил газар авахад хүргэсэн байна. Үүнээс үүдэн, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг хувьчилж авсан хүмүүс анхны зориулалтыг нь өөрчлөх, татан буулгах, мэргэжлийн боловсон хүчнийг нь шахан гаргах зэргээр завхруулжээ. Үүний уршгаар үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар муудав. Автотээвэр, худалдааны газрыг хувьчлах үед эзэмшигч нь төр, захиргааны байгууллага, хувьчлалын комисст хууль бус шахалт дарамт үзүүлж, төрийн өмч хөрөнгийг өөртөө хямд авсан, завшсан, үрэн таран хийсэн явдал их гарчээ. Төрийн өмчийг дур мэдэн бусдад худалдсан, хувьчлалын санг буруу зарцуулсан зэрэг гажуудал бүр гаарав. Ер нь бусдаас түрүүлж илүү авахаар дээр доргүй өрсөлдсөн байна.

Энэхүү зах замбараагүй бужигнаан дундуур малын хашаа, саравч, худаг, машин техник, механикжсан фермийн өндөр ашиг шимтэй мал, сум, бригадын төвийн контор, зочид буудал, халуун ус, эхчүүдийн амрах байр зэрэг үндсэн хөрөнгө их хэмжээгээр үрэгдлээ. Хувьчлах эд хөрөнгийг буруу үнэлэн, олон үйлдвэр, албан газрын ууган гишүүдийг хохироожээ.
Аж үйлдвэр, барилгын салбарын олон үйлдвэр тэр үед үйлдвэрлэл-технологийн цогцолбор хэлбэртэй байсныг алдагдуулжээ. Үүний балгаар үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж, мэргэжилтэй ажилтнууд бутран, олон жижиг хэсэг болж тарсан байна. Үүнийг хувьд шилжүүлсэн гэх үү, хувааж авсан гэх үү. Дарга нар өөрт ашигтайгаа хувааж аваад, хэрэггүйгээ хувьчлал гэдэг хөөрхөн шошго наагаад, нохойд яс өгөх мэт эгэл олны дунд хаясан гэхэд хилсдэхгүй.

Холбоотой мэдээ

СБД-ийн 10 га газарт Үндэсний урлагийн их театрын барилгыг барина | DAAM.MN

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үнд

27/07/2021

Долдугаар сарын 28-нд манай улсын таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө | DAAM.MN

Маргааш буюу долоодугаар сарын 28-ны өдөр манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрс

27/07/2021

Энэ сарын 25-наас Хятадад “Covid-19”-ийн халдвар дахин бүртгэгдэж эхэллээ | DAAM.MN

Хятад улсад энэ долдугаар сарын 25-ны өдөр “Covid-19”-ийн 76 тохиолдлыг бүрт

27/07/2021