УИХ-ын сонгууль 2020

02/02/2020 860

2020 оны УИХ-ын сонгуулийг 29 тойргоор явуулахыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжив. Тодруулбал,

Нийслэлд есөн тойрог:

  • Баянзүрх-2
  • Сонгинохайрхан-2
  • Хан-Уул-1
  • Баянгол-1
  • Сүхбаатар-1
  • Чингэлтэй-1
  • Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэж нэг тойрог болгохоор шийджээ.

Орон нутагт 20 тойрог:

  • Говьсүмбэр, Дундговь аймгийг нэгтгэж нэг тойрог,
  • Бусад аймгийг тус бүр нэг тойрог байхаар тооцсон байна.

-УИХ-ын сонгуулийг 52, 24 мандаттай явуулна-

“Нэг мандаттай аймгуудыг хоёр мандаттай болгож, орон нутагт нийт 52, нийслэлд 24 мандаттайгаар УИХ-ын сонгуулийг явуулахаар тогтов.”

СОНГУУЛИЙН ХУГАЦАА: Зургаадугаар сарын 24-нд зохион байгуулна

Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн товлон зарлаж, санал хураалтыг зургаадугаар сарын 24-ний өдөр буюу лхагва гарагт явуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувийн саналаар тогтоолын төслийг батлав.

Улсын Их Хурлын сонгуулийн 29 тойрог байгуулна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуультай холбоотойгоор боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж, шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгох, Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг байгуулахаар заасан. Түүнчлэн сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно. Тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байна. Аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болно гэж заажээ.

Энэ зарчмыг үндэслэн боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг есөн тойрог болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 29 тойрог байгуулахаар тусгасан байна.

СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулж явуулах юм.

Сонгуулийн тухай хуулийн зохицуулалтУИХ-ын сонгуулийн тухай хууль нь 12 бүлэг, 81 зүйлтэй. Зардлын хяналт, ил тод байдлыг хангахад чиглэсэн нарийвчилсан заалтуудыг уг хуульд тусгасан бөгөөд сонгуульд оролцохоос татгалзахыг, сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий аливаа сурталчилгааг явуулахыг хориглосон байна. Мөн өмнөх хуульд тодорхойгүй хугацаанууд заасан байсныг сар өдрөөр нь зааж оруулжээ. Жишээ нь, нэр дэвшигч үнэмлэхээ авснаас хойш сурталчилгаагаа эхлэлгүй дөрөв хоног хүлээдэг байсан бол шинэ хуулиар үнэмлэх гардсан өдрөөсөө сурталчилгаагаа эхлүүлэхээр болжээ. Түүнчлэн зөрчлийн асуудлыг нэлээд тодорхой болгосон бөгөөд зөрчил, маргаанд хяналт тавих төрийн байгууллагуудын чиг үүргийг ч тодорхой болгосон байна. Тодруулбал, сонгуулийн хуультай холбоотой 80 гаруй зөрчлийг хуульчилсан. Энэ хууль өмнөх хуулиасаа дэвшилттэй, сайн хууль болсон гэдгийг албаны зүгээс онцлов. Түүнчлэн Сонгуулийн тухай хуульд зааснаар хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийг товлон зарлаж, тойрог мандатыг тогтоохоор болжээ. Харин хоёрдугаар сард багтаан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох юм байна. Олон мандаттай тойргоос 76 гишүүнийг сонгохоор хуульчлагджээ. Олон мандаттай тойргоор сонгууль явуулна гэж хуульчилсан учраас нэг мандаттай аймгууд хоёр болон түүнээс дээш мандаттай болж байгаа юм. Нэр дэвших ажиллагаа тавдугаар сарын эхээр явагдах бөгөөд дөрөвдүгээр сард нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж СЕХ-нд материалаа ирүүлэх шаардлагатай болж байна.

Сонгуулийн сурталчилгааны тухайд:

  • Сонгуулийн сурталчилгааны өдөр радио, телевизээр дамжуулах сонгуулийн сурталчилгааны нийт хугацаа 60 минутаас хэтрэхгүй байх.
  • Нэр дэвшигч, нам, эвсэлд ноогдох нь нийт хугацааны 25 хувь буюу 15 минутаас хэтрэхгүй байх.
  • Нэг өдөрт сурталчилгааны хугацаа 15 минутаас хэтрэхгүй байх.
  • Нэг өдөрт тухайн нэр дэвшигч, нам, эвслийн мэдээллийн хөтөлбөрт орох мэдээ таван минутаас хэтрэхгүй байх.
  • Телевизээр сонгуулийн сурталчилгаа дамжуулах эрхийг гурван бичиг баримт бүрдүүлж авна. Энэ нь тухайн сонгуулийн жилийн өмнөх жил байгуулсан зар сурталчилгааны гурван гэрээ болон тухайн нэвтрүүлгийн үнэ тариф, сонгуулийн сурталчилгааг хэрхэн дамжуулах, цаг хуваарилалт гэсэн мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороонд ирж бүртгүүлснээр сонгуулийн сурталчилгаа дамжуулах эрх авна.
  • УИХ-ын сонгуулийн санал авах өдрөөс 30 хоногийн өмнө бүртгүүлэх эрхээ авсан байх.
  • Зарим телевиз хоёр болон гурван сувагтай байдаг. Иймд зөвхөн үндсэн суваг дээр сонгуулийн сурталчилгаа дамжуулах эрхтэй.

“2020 оны УИХ-ын сонгуулийн дүнг дэлгэцээр шууд харуулж мэдээлнэ”

Сонгуулийн хандив: Сонгуулийн хандивын хэмжээ нэмэгдсэн талаар СЕХ мэдээлэв. Тухайлбал, Өмнө нь иргэн гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээд 15 сая төгрөг хүртэл хандив нэг удаа өгч болдог байсан бол, үүнийг өөрчилж иргэн таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдээс 20 сая төгрөг хүртэл хандивыг өгч болно. Хандив өгөх нийт дүнг нь энэ хэмжээнд багтаахаар хуульчилсан. Мөн сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд шаардагдах зардлын хувьд хуулиар чиг үүрэг хүлээн оролцож байгаа төрийн байгууллагуудын хувьд шаардагдах зардлаа тухайн жилийн төсөвтөө тусган батлуулдаг болох, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулиар сонгууль зохион байгуулахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргадаг байх зохицуулалтыг тусгажээ.

Сонгуулийн мөрийн хөтөлбөр: Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт төрийн аудитын байгууллага дүгнэлт гаргана. Өмнө нь хэзээ дүгнэлт гаргах, ямар хугацаанд мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх гэх зэрэг процесс ажиллагааг нь зохицуулах зохицуулалт байхгүй байв. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухайд уг асуудлыг нарийвчилсан зохицуулалттай болгосон байна. Сонгуулийн сурталчилгааны хувьд сонгуулийн зардлыг багасгахад чиглэгдсэн олон зохицуулалтууд орсон бөгөөд сурталчилгааны хэвлэмэл материалын хэмжээ, төрлийг багасгажээ.

Холбоотой мэдээ

СБД-ийн 10 га газарт Үндэсний урлагийн их театрын барилгыг барина | DAAM.MN

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үнд

27/07/2021

Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Солонгосыг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх санал гаргав | DAAM.MN

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийж, Токио

27/07/2021

ГХ-ны сайд Б.Батцэцэг БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ| DAAM.MN

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр Тяньжин

27/07/2021