Ерөнхийлөгчийн хориг цэцэд нөлөөлөх оролдлого гэв үү | DAAM.MN

07/04/2021 93

Үндсэн хуулийн Цэц есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байдаг. Тэдний гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь парламент, үлдсэн гурвыг нь Улсын Дээд шүүх санал болгож, томилдог. Тэгвэл Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүн болох Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тэдний нэрийг 2013 оны арванхоёрдугаар сард Улсын Дээд шүүхээс санал болгож, парламентын гишүүдийн олонхийн саналаар томилж байсан билээ.

Нэгэнт Улсын Дээд шүүхээс санал болгож, томилогдсон Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүнийх нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул оронд нь Ж.Эрдэнэбулганы нэрийг дэвшүүлж, парламентын түвшинд томилох эсэхийг нь хэлэлцэж байна. Харин Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд санал болгосон Ж.Эрдэнэбулганы томилгоонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавиад долоо хонох гэж байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай УИХ-ын 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан хоригт “Дамдинсүрэнгийн Солонго, Шарын Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа нь нэгэн зэрэг дууссан байна. Гэтэл Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний оронд нэг хүнийг санал болгосон. Ингэхдээ тухайн хүнийг хэнийх нь оронд санал болгосноо бүрэн эрхийнхээ дагуу нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн зөрчилд хөтөлж байна” хэмээн тодотгожээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2021.04.06/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай УИХ-ын 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан хоригийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлэг тав хоног завсарлага хүссэн ч байнгын хорооны дарга тэдэнд нэг хоногийн хугацаа өгсөн. Харин УИХ-ын зарим гишүүнээс Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригт шүүмжлэлтэй хандаж байлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар парламент тодорхой албан тушаалтныг томилж буй шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих нь оновчтой эсэх дээр тал бүрдээ тунгаах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлэв. Тэрбээр “Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор томилдог. Гэтэл Ерөнхийлөгч өөрийн санал болгохоос бусад зургаан гишүүний томилгооны шийдвэрт хориг тавих хэлбэрээр оролцох юм бол Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдого гэж тайлбарлах, эрх зүйн гаргалгаа хийж болохоор байна” хэмээсэн билээ.

Ямартай Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ үед л төрийн тэргүүн Х.Баттулгын хориг Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлөх гэсэн оролдого, эрх мэдлээ хэтрүүлсэн улс төр үү, эсвэл бүрэн эрхийнхээ хүрээнд тавьсан хууль ёсны хориг уу гэдэг нь тодорхой болох биз ээ.

Холбоотой мэдээ

УОК: Иргэдэд санхүүгийн дэмжлэг нэмж үзүүлэхгүй | DAAM.MN

УОК хатуу хөл хориог үргэлжлүүлэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хөл хориог 1

23/04/2021

Сүүлийн дөрвөн хоногт голын болон тогтоол усанд бага насны зургаан хүүхэд живж, амиа алджээ | DAAM.MN

Хаврын цагт гол, мөрөн, нуур цөөрөм гэсэж, шар усны үер бууж тогтоол ус үүсэх энэ цаг үед иргэд усан

23/04/2021

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгалаа | DAAM.MN

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найданги

23/04/2021