
БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан 31 иргэнийг хоёрдугаар сарын 1-ний өдөр манай улс эх орондоо авчирсан. Тэдгээр иргэдийг авчирсан даруйд ХӨСҮТ-д тусгаарлаж, шаардлагатай арга хэмжээг авч шинжилгээ хийсэн. Ухань хотоос эх орондоо ирсэн 30 оюутан, нэг бага насны хүүхдэд хийсэн эхний шинжилгээний хариу сөрөг гарсан ч өвчний нууц үеийн шинж тэмдэг илэртэл доод тал нь 14 хоног харах ёстой гэж үзэн тус оюутнуудыг 14 хоног тусгаарлаж, эмчийн үзлэг хийж, өнөөдрийг хүртэл /2020.02.13/ хяналтад байлгаж байгаа.
Харин тэдгээр оюутнуудын хоёр дахь шинжилгээг өнөөдөр /2020.02.13/ нд авна. Одоогийн оюутнуудын биеийн байдал хэвийн, ямар нэг зовиур шинж тэмдэг илрээгүй байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Өчигдөр оройн 22.00 цагийн байдлаар манай улсад /2020.02.12/ Коронавирусийн халдвараар сэжиглэгдэн шинжилгээнд хамрагдаж, сөрөг гарсан 60 гаруй хүн байгааг ЭМЯ-наас мэдээллээ.