
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 43дугаар чуулган Швейцарийн Женев хотноо болж байгаа билээ. Өнгөрөгч хоёрдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газар болон Хүний эрхийн Дээд комиссарын ажлын тайланг хэлэлцэх үеэр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар, хатагтай Мишель Бачелет Монгол Улсын талаар байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр “Монгол Улс иргэний нийгмийн идэвхтэй оролцоотойгоор Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай багц хууль боловсруулан батлах санаачилга гаргасан нь хүний эрхийн төлөө тэмцэгчдэд урам зориг өгсөн чухал алхам боллоо. Монгол Улсын парламент өнгөрсөн сард “Хүний эрхийн үндэсний комиссын тухай” хууль баталж, иргэдийг эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизм бий болгох эрх зүйн орчин бүрдүүлснийг талархан сайшааж байна” хэмээн тэмдэглэсэн байна.