
Коронавируст халдварын хариу арга хэмжээний хүний нөөцийн хомсдолыг арилгах, хүний нөөцийг нэмэгдүүлэх талаар ЭМЯ, ЭМХТ, НЭМГ, ХХЭМБНХолбоо хамтран өчигдөр шуурхай хурал зохион байгууллаа. Хурлаар өрхийн эрүүл мэндийн төвд шаардлагатай хүний нөөцийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж, зарим шийдвэр гаргажээ. Тухайлбал Эрүүл мэндийн сайдын тушаалаар өрхийн эмнэлэг болон тусгай дугаарын 119 лавлах утсан дээр ажиллаж байгаа резидент эмч нарын тоог нэмэгдүүлж, ажиллах үүрэг даалгавар өгчээ.
Мөн Улаан загалмай нийгэмлэгийн бэлтгэгдсэн сайн дурын ажилтнуудыг өрхөд дайчлагдахыг эрчимжүүлэн ажиллана. Цаг алдахгүй сайн дурын ажилтнуудыг дайчилж, өрхийн эмнэлгийн эмч нарын эмчилгээ, хяналтад зарцуулах цагийг нэмэхээр болжээ. Энэ хичээлийн жилд эрчимт эмчилгээ судлал, яаралтай тусламж судлал, дотрын анагаах судлал, эмнэлзүйн эмгэг судлал чиглэлээр үндсэн мэргэжлийн сургалтыг 2021 оны наймдугаар сарын 15-нд төгссөн эмч нарыг ажлын байранд зуучлах ажлыг эрчимжүүлэхээр болжээ.
Ингэснээр зарим эмнэлэгт шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх юм. 2021 оны аравдугаар сард эхлэх төрөлжсөн мэргэжлийн эмчийн сургалтад хамрагдагчдаас НЭМГ харьяа эмнэлгүүдэд түр хугацаагаар дүйцүүлэн дайчлах ажлыг мөн зохион байгуулах шийдэлд хүрсэн байна. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа 145 ортой эмнэлэг болон МҮИС-ийн харьяа 300 ортой тусгаарлан ажиглах байранд хувийн хэвшлийн сайн дурын эмч, эмнэлгийн ажилчдыг дайчлан ажиллуулах, цалинг үндсэн байгууллага, илүү цагийг ЭМЯ-наас олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр боллоо.
Өмнөх хугацаанд ковидын хариу арга хэмжээнд оролцсон, дайчлагдан ажилласан хувийн хэвшлийн эмнэлгийн эмч эмнэлгийн ажилчдад урамшууллыг нөхөн олгох асуудлыг шийдвэрлүүлэх ажлыг холбогдох хүмүүст үүрэг болгов. УОК-ын ээлжит хурлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулиудын оюутнуудыг ковидын хариу арга хэмжээнд ажиллуулах талаар БСШУЯ-тай зөвшилцөж ажиллуулах ажлыг зохион байгуулна.