Монгол Улсын хуулийн уг эх дээр Төрийн тамга дарлаа | DAAM.MN

16/09/2021 666
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар өнөөдөр (2021.09.16) 2020 онд батлагдсан хуулиудын уг эх дээр Төрийн тамга дарлаа.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу Төрийн тамгыг Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус тус дардаг.
Төрийн тамга нь Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар дөрвөлжин хэлбэртэй, голдоо Төрийн сүлдтэй сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байдаг.
Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайрцагтай нь авчирч, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн уг эхийн эхний хуудаснуудад дарсан юм.
сонин mn
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улс төрт ёсны 2200 гаруй жилийн түүхтэй. Манай төр өвөг дээдсийнхээ “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарна” хэмээсэн үзэл санааг тасралтгүй баримталж ирсэн уламжлалтай. Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эх дээр Төрийн тамга дарах ёслолын арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү ёслол нь Монгол төрийн бодлого шийдвэр болж буй хууль, тогтоомж хэлбэрэлтгүй биелэгдэж байхын баталгаа болдог” гэлээ.
сонин mn
Монгол Улсын Их Хурал 2020 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд олон томоохон хуулиудыг шинэчлэн найруулж, нэмэлт өөрчлөлт оруулсан. 2020 онд нийт 241 хууль баталснаас анхдагч хууль 34, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль 24, хуулийн шинэчилсэн найруулга 8, хуульд өөрчлөлт оруулах тухай 167, хууль хүчингүй болсонд тооцох тухай 8-ыг баталсан байна. Энэ нь нийт 10 боть, 2732 нэгж хуудас болсон. Хууль, тогтоомжийн уг эх дээр Төрийн тамга дарснаар Улсын Их Хурлаас баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхсон хууль, тогтоомжийн уг эх монгол төрийн хуулийн санд албан ёсоор хадгалагдана гэж Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцлоод, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй энэ оноос эхлэн Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд Төрийн тамга дарах ёслолыг зохион байгуулах болсонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт талархал илэрхийллээ.
Монгол Улсын хуулийн уг эх дээр Төрийн тамга дарах ёслолын арга хэмжээг жил бүр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран зохион байгуулдаг. Энэ жил анх удаагаа Төрийн ёслол хүндэтгэлийн “Морин хуур” танхимд зохион байгуулснаараа онцлогтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022