Д. Ганбат: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт халдвар хавтгайруулсан тул уучлалт гуй гэв | DAAM.MN

23/09/2021 995

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, тус намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, АН-ын удирдлагууд болох М.Тулгат, Ч.Өнөрбаяр, Б.Ган-Очир нар оролцсон юм.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бид эрх баригчдаас хариуцлага нэхэн мэдээлэл хийж байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр эсвэл маргааш нэн яаралтай зохион байгуулж үүссэн асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Монгол Улсын төр УИХ юм. Бид ийм үед амраад байж болохгүй. 76 гишүүн яаралтай цуглаж хуралдах хэрэгтэй байна. 300 мянга гаруй хүн халдвар авсан, хичээл сургууль эхэлсэн, хоёр жил хоригдсон, шатахуунгүй болсон ийм үед бид амраад байж болохгүй. Сонгуулиас хойш бид бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсан үе байхгүй.

Тиймээс нэгдүгээрт УИХ-ыг яаралтай хуралдуулах шаардлага тавьж байна. Хоёрдугаарт Ерөнхий сайдыг хариуцлагаа хүлээ гэсэн шаардлагыг тавьж байна. Өнөөгийн Засгийн газраас шалтгаалж энэ бүгд бий болсон.

Өнөөдөр үүсээд буй шатахууны асуудал олон зүйлийн ердөө нэг илрэл. Цаана нь үүнтэй адил тэсрэхэд бэлэн олон асуудал бий.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт хүргүүлж байна. 2021 оны гуравдугаар сараас хойш 100 жилийн ой тэмдэглэж, одон медаль тарааж, сонгууль, уул овоо тахих нэрийдлээр халдвар тараах үндэслэлийг тавьсан. Үүндээ уучлалт гуйх хэрэгтэй. Төрийн өндөрлөгүүд яг одоо гадаадад томилолтоор явж байна. Бид урагшаа хилээ хаалгасан, хойноос шатахуунаа авч чадахгүй байна.

Өнөөдрийн хэмжээнд үүссэн нөхцөл байдлыг бүгд мэдэж байгаа. Түүнээс гадна малын шүлхий өвчин 13 аймагт тараад байна. Тиймээс Ардчилсан нам сөрөг хүчний хувиар дуу хоолойгоо илэрхийлж, хариуцлага нэхэж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
Эрх баригчид ард иргэдийг туйлдуулж байна. Одоо боллоо. “Одоо боллоо” уриатайгаар ирэх сарын 1-нд төв талбайд цуглана. Ковид нэрийдлээр зарцуулагдсан нийт 20 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зарцуулалт ил биш байна. Ковидын 5,1 их наяд төгрөгийн хөтөлбөрийн 2,4 их наяд төгрөгийнх нь тайлан байгаад 2,7 нь байхгүй байх жишээтэй.

 “АН”-ын зүгээс Ерөнхий сайдад хандан дараах шаардлагыг хүргүүлж байна.

1. Шатахууны зах зээлийн үнэ болон импортыг бүрэн чөлөөлөх,

2. Хоёр хөршид томилогдсон мэргэжлийн бус Элчин сайд нарыг нэн даруй эгүүлэн татах

3. Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт үр ашиггүй хөрөнгө оруулалт нэртэй луйврыг зогсоох,

4. Ёс зүйгүй үйлдэл гаргасан нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох.

Эдгээр шаардлагыг хүлээн авч, аравдугаар сарын 1-н гэхэд хариу өгөхгүй бол Засгийн газрыг огцруулах бүх нийтийн эсэргүүцэл тэмцлийг улс орон даяар эхлүүлнэ гэдгийг анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022