Шинжлэх ухааны хүрээлэн, их, дээд сургуулиудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарчээ | DAAM.MN

29/09/2021 271

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Шинжлэх ухааны салбарт хийх шинэчлэлийг эрчимжүүлэх түүхэн шийдвэр гаргалаа. Санхүүжилт, засаглал, хүний нөөц муу гэх мэт шалтгааны улмаас өнгөрсөн хугацаанд шинжлэх ухааны салбарын үйл ажиллагаа бидний санасан хэмжээнд хүрээгүй. Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн санхүүжилт нь нэгдсэн бус байсан байдаг. Тиймээс Шинжлэх ухаан,  технологийн сангийн үйл ажиллагааг нээлттэй ил тод болгоно. Өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд энэ санг 150 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн боловч өндөр өртгөөр хийсэн судалгаануудын хэд нь үр дүнгээ өгсөн нь тодорхой бус байна. Мөн цөөхөн хэдэн эрдэмтэд энэ сангаас санхүүжилт авдаг, шинжлэх ухааны ЖДҮ гэж хэлж болох сангийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгохоор боллоо.

Хоёрдугаарт, анх удаа судалгааны лабораториудыг тоолж үзлээ. 70-80 хувьд нь тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй байна. Таван сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн лаборатори ажиллахгүй байх тохиолдол ч байна. Тиймээс менежмент зохион байгуулалтын эрх зүйн шинэ орчныг нь бүрдүүлж, салбар дундын лабораториудыг хөгжүүлэн ажиллуулж эхлэх шийдвэр гаргалаа.

Гуравдугаарт, манай хүрээлэнгүүд болон их, дээд сургуулиудын газар их хэмжээгээр алдагдсан. Тиймээс шинжлэх ухааны хүрээлэн, их, дээд сургуулиудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргалаа. Ингэснээр тухайн салбарын газарт хэн ч халдах эрхгүй болж байна.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн хүрээлэнгийн үйл ажиллагааг буцаан сэргээх шийдвэр гаргалаа. Дулааны техник технологийн хүрээлэнгийн үйл ажиллагааг сэргээж байна. Түүнчлэн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Ой мод сургалт, судалгааны хүрээлэнг шинээр байгууллаа” гэлээ.

Холбоотой мэдээ

Орон нутгийн сурагчид ур чадварын төсөлд хамрагдаж байна | DAAM.MN

“Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл 2019 онд эхэлж 5 аймгийн 25 сум

05/05/2022

“ЭРАСМУС ПЛАС” хөтөлбөрийг мэргэшлүүлэх хүсэлтийг европын холбоонд гаргалаа | DAAM.MN

Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд бөгөөд төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель

04/05/2022

Тайланд улсад тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөрийг бий болгоход талууд хамтран ажиллана | DAAM.MN

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суу

27/04/2022