
“Осло 2021” чөлөөт бөхийн ДАШТ-д оролцож буй Монгол Улсын баг тамирчдын анхны медалийг 125 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ М.Лхагвагэрэл хүртлээ. Манай бөх эхний тойрогт Гүржийн бөх Гено Петриашвилид 1:11 оноогоор хожигдсон ч гүрж бөх аваргын төлөө барилдахаар шалгарсан тул дагасан. Дагах барилдаандаа Австрийн Йоханнес Людечерийг 4:0, хүрэл медалийн төлөө барилдаанд Казахстаны Олег Болтиныг 5:3 оноогоор ялсан юм. М.Лхагвагэрэлийн медаль “Осло 2021” ДАШТ-ээс Монголын баг тамирчдын авсан анхны медаль төдийгүй хамгийн хүнд жинд монголчуудын авсан анхны медаль гэдгээрээ онцлогтой байлаа.
Өчигдөр хүрэл медалийн төлөө дэвжээнд гарсан нөгөө бөх Т.Түвшинтулга /61 кг/ харин япон бөх Тошихиро Хасегавад 1:12 оноогоор цэвэр хожигдож тавдугаар байрт оров.