Төв банкны бие даасан, хараат бус байдалд халдаж байна | DAAM.MN

20/12/2021 478

(Турк дахь валютын ханшийн хямрал, ужгирсан инфляцыг давтах уу?)

Төв банкны бие даасан, хараат бус байдал гэдэгт юуг ойлгох вэ? Энгийнээр төв банк хуулиар тодорхойлсон үндсэн зорилго, тэр хүрээнд томъёологдсон зорилтоо хангахын тулд шаардлагатай бодлогын арга хэмжээг мэргэжлийн түвшинд, улс төрийн болон бусад нөлөөллөөс ангид авч хэрэгжүүлэх явдал юм.

Төв банк төрийн байгууллага байж, яагаад ганцаараа бие даасан, хараат бус байх ёстой вэ? гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Учир нь түүнд үндэсний мөнгөн тэмдэгт гаргаж, гүйлгээнд оруулах онцгой эрх хадгалагддаг. Энэ онцгой эрхийг  олигархууд эсвэл улс төрчдийн гарт атгуулбал мөнгөний ханш унаж, гипер инфляцтай нүүр тулж, долларжилт явагдаж, улс орон оршин тогтнох эсэх тухай асуудалтай нүүр тулдаг болохыг дэлхийн санхүүгийн түүх гэрчилнэ.

Иймд ихэнх тохиолдолд төв банкийг төрийн мэдэлд байлгаж, үнийн тогтвортой байдлыг хадгалах зорилгын “манаач” байх чиг үүргийг өгч, чиг үүргээ үйл ажиллагааны хувьд бие даасан, хараат бус байдлаар гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж өгөх практик нэгэнт тогтоод байна.

Практик дээр улс төрчид зөвхөн Засгийн газарт байдаггүй, бас УИХ, Ерөнхийлөгчийн түвшинд ч байх боломжтой нь асуудлын гогцоо юм.

Төв банкны бие даасан, хараат бус байх баталгааг Үндсэн хууль эсвэл Төв банкны тухай хуулиар тодорхой зааж өгч баталгаажуулж өгдөг. Манай орны хувьд төв банк Засгийн газраас хараат бус байх заалтыг Монголбанкны тухай хуулийн 31.2-т заасан хэдий ч, улс төрөөс хараат бус байх тодорхой зохицуулалт байхгүй гэж хэлж болно. Засгийн газар төсвөө алдагдалтай байлгаж, зөрүүг Төв банкаар мөнгө хэвлүүлж нөхдөг, энэ нь төсвийн алдагдал, урсгал дансны алдагдалд хөтөлж, үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэгүйдэлд хүргэдэг түүхэн сургамжаас сэргийлэхийн тулд энэ зохицуулалт Төв банкны тухай хуульд орж ирсэн байдаг.

Практик дээр улс төрчид зөвхөн Засгийн газарт байдаггүй, бас УИХ, Ерөнхийлөгчийн түвшинд ч байх боломжтой нь асуудлын гогцоо юм. Өнөөдрийн эрх зүйн зохицуулалтаар Монголбанк жил бүр баримтлах бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулж, ажлаа эргэн тайлагнаж, УИХ, түүний байнгын хороодоос баталсан тогтоол болон батлагдсан хуулийг хэрэгжүүлж ажилладаг. Ард түмний төлөөлөл гэдэг утгаар УИХ-д эдгээр “эрх” байх нь зүйн хэрэг мэт боловч, УИХ-ыг улс төрчид бүрдүүлж, “буруу замаар будаа тээх”, “бусдад таалагдах хэрэгсэл” болгон ашиглах боломж давхар байгаа нь асуудал юм.

УИХ-ын тогтоолоор эсвэл тусгайлсан хууль батлах замаар Төв банкны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох, эсвэл “мөнгө хэвлэх” үүрэг даалгавар өгөх практик, зохицуулалт өнөөдөр үйлчилж байна. Энэ нь төв банк Засгийн газраас хараат бус байхаас үл хамааран, парламент өмнөөс нь тэр бие даасан, хараат бус байх ёстой онцгой эрхэд нь “халдаж” буйд асуудал оршино.

Зүй нь парламент өөрийн баталсан хуулийг хэрэгжүүлж, төв банкны бие даасан байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, засгийн газрын буюу улс төрийн нөлөөллөөс хамгаалж ажиллах учиртай. Түүнчлэн төв банкны үйл ажиллагааны тайланг сонсож байна, асуулга тавьж байна, ажлын хэсэг байгуулан шалгаж байна гэх зэрэг олон шугамаар бодлогын, үйл ажиллагааны шийдвэрт нь дам утгаар “нөлөөлөх”, түүний удирдлагыг хуульд заасан бүрэн эрхийн хугацаанд ажиллуулахгүй байх муу жишиг ч тогтсон гэж хэлж болно.

Туркийн лир нь ам.долларын эсрэг жилийн дотор 43 хувиар суларч, 20 хувь давсан инфляцтай байна.

Төв банкны бие даасан, хараат бус байдалд бүдүүлгээр халдаж буй улс орны жишээнд Турк улсыг дурдаж болно. Тус улсын ерөнхийлөгч Эрдоген мөнгөний бодлогыг өөрийнх нь бодож байгаа чиглэлийн эсрэг чиглэлд хэрэгжүүллээ хэмээн 2019 оны долдугаар сараас энэ оны 3 дугаар сарын хоорондын 20 сарын хугацаанд төв банкны Ерөнхийлөгчөө 3 удаа өөрчилсөн.

Одоо Туркийн лир нь ам.долларын эсрэг жилийн дотор 43 хувиар суларч, 20 хувь давсан инфляцтай байхад хүртэл Мөнгөний бодлогын хорооны хурал дээр бодлогын хүүг бууруулахыг эсэргүүцсэн хэмээн төв банкныхаа 2 дэд ерөнхийлөгчийг, мөн тус хуралд эмнэлэгт үзүүлэх нэрээр оролцсонгүй хэмээн  тус хорооны 1 хараат бус гишүүнийг  ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг энэ оны 10 дугаар сард гаргасан.

Дээрх зурагт харуулсанчлан инфляц, валютын ханшийн сулрах дарамттай орчинд улс төрийн нөлөөгөөр бодлогын хүүг бууруулснаар ханшийн сулралтыг хяналтаас алдах түвшинд хүргэсэн. Энэ нь улс төрийн эрх мэдэлд төв банк орсноор валютын ханш, инфляцад юу тохиолдож болохыг харуулсан, дэлхий нийтийг шуугиулж буй сүүлийн жишээ юм.

Төв банк бие даасан, хараат бус байна гэдэг нь түүний дээр “хөх тэнгэр” л байна гэсэн үг үү гэвэл бас үгүй.  Бусад улс орны туршлагаас харахад өнөөдрийн соёлт нийгэмд төв банкны зорилгыг тодорхой зааж өгөөд, түүнийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлсэн эсэхээр нь, үндсэн зорилт зөрчигдсөн бол түүнийг хэр бодитой тайлбарлаж байгааг харгалзаж хариуцлага тооцдог тогтолцоо нэгэнт бүрдээд байна. Манай орны хувьд ч төв банкны тухай хуулийг эргэн харж, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд дараах өөрчлөлт оруулж болох юм:

1) Мөнгөний бодлогын үндсэн зорилтыг хангах явдал гэж нэгэн утгатай ойлгогдохоор тодорхойлох;
2) Төв банкны зорилт, үйл ажиллагаа нь дан ганц засгийн газраас гадна, улс төрөөс бүрэн хараат бус, бие даасан байх, сонгуулийн мөчлөгөөс ангид байх зохицуулалтыг тодорхой тусгах;
3) Мөнгөний бодлого эдийн засгийн бусад бодлого, зорилттой хэрхэн уялдах зааг ялгааг тодорхой болгох;
4) Төв банкны үйл ажиллагааны үр дүн, хариуцлагыг үндсэн зорилтыг хэрхэн хангаснаар нь дүгнэх механизмыг тодорхой тусгах.

Ингэснээр Монголбанк улс төрөөс ангид байж, мэргэжлийн түвшинд эдийн засгийг тогтворжуулах чиг үүргээ бусад төв банкны “сайн” жишгээр хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Энэ бол зөвхөн суурь нөхцөл бөгөөд амьдрал дээр хэрэгжүүлж ажиллахад “олон нийтийн хамгаалалт” чухал үүрэг гүйцэтгэнэ.

Монголбанкны ахлах эдийн засагч Д.Ган-Очир

Холбоотой мэдээ

АНУ-ын Элчин сайд Майкл Клеческиг Алтан гадас одонгоор шагналаа | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц

12/09/2022

Жүжигчин О.Долгор УДЭТ-ын жүжигчин болжээ| DAAM.MN

Дэлгэцийн бүтээлүүдээрээ олонд танигдсан жүжигчин О.Долгор Улсын драмын эрдмийн театрын жүжигчин бол

12/09/2022

Улсын заан Б.Серик Ногооннуур сумын 70 жилийн ойд түрүүлжээ| DAAM.MN

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын түүхт 70 жилийн ойн баяр наадам есдүгээр сарын 10-11-нд буюу өнг

12/09/2022