“Apple” зах зээлийн үнэлгээ нь гурван их наяд ам.доллар давсан АНУ-ын анхны компани боллоо | DAAM.MN

04/01/2022 416
Даваа гарагт “Apple” компани зах зээлийн үнэлгээ нь гурван их наяд ам.долларт хүрсэн АНУ-ын анхны компани болжээ. Үүнд коронавирусний цар тахлын улмаас зайнаас сурах, ажиллах шаардлага өсөн нэмэгдсэнээр “iPhone” гар утас, зөөврийн компьютеруудынх нь борлуулалт сайжирсан нь ихээхэн нөлөө үзүүлжээ.
Ингэснээр “Apple”-ийн зах зээлийн үнэлгээ 2018 оны наймдугаар сард нэг их наяд ам.долларт хүрснээсээ хойш гурав дахин нэмэгдэж байгаа юм. 2020 оны наймдугаар сард тус компанийн зах зээлийн үнэлгээ хоёр тэрбум ам.долларын босгыг давсан билээ.
Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Apple” компанийн зах зээлийн үнэлгээ нь Японы хамгийн том компаниудын нэгд зүй ёсоор тооцогддог “Toyota Motor” компанийнхаас ойролцоогоор 10 дахин их байгаагаас гадна Токиогийн хөрөнгийн биржийн эхэн хэсэгт бүртгэлтэй бүх компанийн хөрөнгийг нийлүүлсний тэн хагастай тэнцэж байна.
“Apple” компанийн энэхүү хурдацтай өсөлтөд дуу хөгжмийн үйлчилгээ зэрэг бусад салбарын бизнесүүд нь ч мөн үр нөлөөгөө өгчээ. Мөн Холбооны нөөцийн сан мөнгөний зөөлөн бодлогоо үргэлжлүүлэн баримталж байгаа нь Нью-Йоркийн хөрөнгийн зах зээлийн хэтийн төлөвийг өөдрөг байлгаж, улмаар “Apple”-ийн зах зээлийн үнэлгээ өсөхөд нөлөөлсөн байна.
Цар тахлын улмаас гэрээсээ ажиллах, зайнаас суралцах хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж, түүнд шаардлагатай зөөврийн компьютер тэргүүтэй бусад бүтээгдэхүүнүүдийн худалдан авалт өссөнөөр Калифорни муж улсад төвтэй тус компани 2020 оны 10-12 дугаар сард 28.8 тэрбум ам.долларын цэвэр ашиг олсон юм.
АНУ-д зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэгч гурван компани нь бүгд технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Apple”-ийн араас “Microsoft” хоёрдугаар байрт бичигдэж байгаа бол “Google” компанийн эцэг “Alphabet” компани гуравдугаарт жагсаж байна.
Эх сурвалж: Монцамэ

Холбоотой мэдээ

Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна | DAAM.MN

Япон улс Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжсэн байр суурьтай байна. Тиймээс Оросын хакерууд Яп

12/09/2022

Хятадад хамгийн халуун зун болжээ | DAAM.MN

Хятад улсад энэ жил цаг уурын мэдээллийг бүрэн эмхэтгэн хөтөлж эхэлсэн 1961 оноос хойших хамгийн хал

12/09/2022

Ойн түймэр агаарын бохирдлыг улам ихэсгэж байна | DAAM.MN

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хэт халж, ойн түймэр дэгдэж байгаа нь бидний амьсгалж буй агаарын ча

12/09/2022