Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн барив | DAAM.MN

05/01/2022 139

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар өнөөдөр   УИХ-ын дарга Г.Занданшатарт хууль, тогтоолын төслүүд өргөн барилаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ., …Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан.

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын 3.7.5-д “Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулах;” гэж, 3.7.10-т “Ашигт малтмалыг олон улсын зах зээлийн үнээр борлуулах боломжийг бүрдүүлж, эрдэс баялгийн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх  бодлогын хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох арга, аргачлалыг боловсронгуй болгох; “ гэж тус тус гэж заасан билээ.

Сүүлийн жилүүдэд уул уурхай, олборлох салбар өндөр хурдацтай хөгжиж 2005 оноос хойш дотоодын нийт бүтээгдэхүүнд энэ салбарын эзлэх хувийн жин 20 гаруй хувьд хүрсэн. Өнөөгийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71 хувь, экспортын 94 хувийг бүрдүүлж буйн хувьд энэ салбар нь манай улсын эдийн засгийн тулгуур багана болж байна. Энэ ч агуулгаар уул уурхайн салбараас хүртэх орлогыг ил тод, хамгийн боломжит үнээр төвлөрүүлэх нь чухал юм.

Уул уурхайн бүтээгдэхүүний дотоод, гадаад зах зээлийн арилжаанд олон хүндэрлүүд гарч байна. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл нээлттэй ил тод бус байдгаас үр ашигтай гэрээ хэлцэл хийх боломж муу, зардал өндөр, уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах зохион байгуулалттай зах зээл бий болоогүйн улмаас бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур байна.

Гэрээний үндсэн дээр арилжаалагдах уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ нь гэрээний үнээр тогтоогдож, хууль тогтоомжийн дагуу албан татвар, төлбөр, хураамж ногдож байна. Гэвч гэрээгээр тохирсон үнэ нь зах зээлийн ханшнаас үлэмж зөрүүтэй байдгаас уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас олох орлогыг ихээхэн бууруулсан  зэрэг асуудлууд тулгарч байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу “Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх харилцааг нарийвчлан зохицуулах шаардлагаар анхдагч хуулийн төсөл боловсруулах бөгөөд хуулийн төсөл нь 7 бүлэгтэй байна.

Хуулийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн эрх зүй, зохион байгуулалтын хэлбэрийг тогтоож, бирж байгуулах асуудал болон биржийн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог харилцааг зохицуулах, уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан гэрээг биржийн арилжаанд оруулахаар бүртгэх, түүний стандартыг тогтоох, арилжааны төрөл, төлбөр, тооцоог гүйцэтгэх, түүний баталгааг хангах, биржийн арилжаанд оролцох эрх олгох, арилжааны ил тод, шударга байдлыг хангах, нийтэд хүргэх мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд мэдээлэл хүргэхтэй холбогдсон нарийвчилсан харилцааг тусгасан байна.

Журам батлах тухай тогтоолын төсөл

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Журам батлах тухай, Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслүүд өргөн барилаа.

Улсын Их Хурлаас  2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам , Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмыг тус тус Улсын Их Хурал батлахаар тус тус хуульчилсан.

Тогтоолын төсөл нь 2 заалттай. 1 дэх заалтаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам”-ыг 1 дүгээр, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам”-ыг 2 дугаар, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус батлахаар, 2 дахь заалтаар тогтоолын төслийг дагаж мөрдөх хугацааг тусгасан байна.

Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай тогтоолын төсөл

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас үүдэлтэй дэлхий дахинд нийгэм, эдийн засгийн хүндрэлүүд үүсч байгаатай адил Монгол Улсын эдийн засаг, нийгэм, төсөв, санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдөөд байна. Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн, шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний болон техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалт, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт бүхий Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т туссан төсөл, арга хэмжээний хэрэгжилт удаашрах, санхүүжилт саатах зэрэг хүндрэлүүд үүсээд байна.

Тогтоолын төсөл нь 5 заалттай байх бөгөөд тогтоолын төслийн 1 дэх заалтаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн, шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний болон техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалт, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт бүхий Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг шинэчлэн батлах, 2 дахь заалтаар хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг даалгах, 3 дахь заалтаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгох, 4 дэх заалтаар тогтоол батлагдсантай холбогдуулан хүчингүй болгох эрх зүйн акт, 5 дахь заалтаар тогтоолыг дагаж мөрдөх хугацааг тусгажээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022