
ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын сургууль дээр явагдах давтлага энэ сарын 11-нээс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ.
БСШУ-ны яамнаас 596 сургууль дээр давтлага хичээлийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна. Давтлага явуулахдаа нэг ангид 10-15 хүүхэд хамрагдаж, суудал хоорондын зайг 1.5 метр байлгах төдийгүй ЭМЯ болон мэргэжлийн байгууллагаас гаргасан эрүүл ахуй, халдвар хамгааллын зөвлөгөө, дүрэм журмыг баримтална. Хүүхдүүд хуваарилагдсан суудалд сууна. Давтлага хичээлийг зохион байгуулах хуваарийг ерөнхий боловсролын сургуульд хүргүүлээд байгааг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир мэдээллээ. Өчигдрөөс /2020.05.07/ эхлэн бүх бэлтгэл ажил хангагдсан байгааг мөн хэллээ.
Уг зөвлөмжид: Сурагчдыг сургуулиар орж эхлэхээс эхлэн бүх нарийвчилсан зөвлөгөө, мэдээллийг тусгасан байна. Амны хаалт, нэг удаагийн бээлий зэргээр сургуулийг хангаж байгаа.
05-р сарын 11-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд ЕБС-ын сурагчдын давтлага үргэлжилнэ.
12-р ангид 200-гаас дээш сурагчидтай сургуулийн тоо 5-6 байна. Бусад сургууль 200, 100-гаас доош төгсөх ангийн сурагчидтай гэсэн тооцоолол гарсан байна.
Улсын хэмжээнд энэ онд 31 мянга орчим хүүхэд ЭЕШ өгнө. Давхардсан тоогоор 99 мянга орчим шалгалт өгөх сурагчид байгаа. ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчид гурав хүртэлх хичээлийн давтлагад хамрагдах боломжтойгоос нэг хүүхэд дунджаар гурван хичээлээр шалгалт өгөх тооцоолол Боловсролын яамнаас гаргаад байна.
Уг давтлага бол сурагчдын ЭЕШ-нд бэлтгэх л зориулалттай давтлага учраас сурагчдыг хүчээр суулгах шаардлага байхгүй. Харин хүүхдийн ирц бүртгэл явагдахыг албаны хүн мэдээллээ.