
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ. Засгийн газрын тухай хуульд нийтдээ 69 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.
Үндсэн хуулийг өөрчлөх нэг шалтгаан гүйцэтгэх засаглалыг сайжруулж, эрх мэдлийг нь нэмэгдүүлэх агуулгаар баталсан. Сүүлийн 28 жилийн хугацаанд хоёр л Засгийн газар бүрэн ажиллаж бусад нь огцорсон нь төрийн тогтворгүй байдал руу явуулсан. УИХ-ын гишүүдийн эрхийг хязгаарласан, төсөв санхүүд дураараа оролцохыг багасгасан зэрэг өөрчлөлтүүд нь гүйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллуулах боломжийг бүрдүүлсэн. Энэ мэт Засгийн газраа тогтвортой ажиллуулахыг бодолцож, Засгийн газар хуулиа боловсруулж оруулж ирсэн.
Ажлын хэсэг: Засгийн газраас өргөн барьсан тухай хуулийн төслийн 21 дүгээр зүйл Ерөнхий сайдыг томилсноор Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхэлж, дуусгавар болно гэж байгаа. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон тохиолдолд тухайн Засгийн газрын гишүүн нь дахин томилогдох зохицуулалтыг нэмж, дэмжигдсэн байгаа.
Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулж, Засгийн газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.