
Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VII чуулганы үндсэн хуралдаан болох “Системийн эрсдэлийн тухай ойлголт, удирдах засаглалыг сайжруулах нь: Дэлхийн эрсдэлийн тайлан 2022” нэгдүгээр сэдэвчилсэн хуралдааныг зохион байгуулах НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын ажлын хэсэгт ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа ажиллаж, тус хуралдааны агуулга, бүтцийг хамтран боловсрууллаа.
Хуралдааны үеэр “Гамшгийн үнэлгээний Дэлхийн тайлан 2022”-ын агуулгыг хэлэлцэж, эрсдэлийг салбар хоорондын түвшинд судалж, эрсдэлийн шалтгааныг ойлгох нь 2030 он хүртэл гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг онцолсон юм.

Мөн КОВИД-19 цартахлын үед хүн төрөлхтний өмнөө тавьсан зорилго, зорилт бүрэн биелэхгүй саармагжиж байгаа ч цар тахалтай тэмцсэн улс, орнуудын туршлага нь гамшгаас хамгаалах тогтолцоо, системийн түвшинд эрсдэл, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн талаарх ойлголтыг сайжруулсан гэдгийг оролцогчид тодотголоо.