
Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны аргыг шинэчилж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.
Тэрбээр “Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлохдоо айлуудаар орж эд хогшил, хөрөнгийг нь бүртгэж тооцдог байсан. Энэ өрх машинтай юу, хөргөгчтэй юу, тоос сорогчтой юу гэх мэт асуулгаар хийсэн судалгаа сүүлийн жилүүдэд шинэчлэгдээгүй. Энэ төрлийн судалгаа өндөр өртөгтэй, үр дүн багатай.
Тиймээс бид төрд байгаа бэлэн мэдээллийн сангаа ашиглаж тухайн өрхийн амьжиргааг тодорхойлох шинэ арга хэлбэрийг нэвтрүүлж байна. Тухайн өрхийн орлогын, орон сууцны, тээврийн хэрэгслийн болон малын тоо толгойн бүртгэл төрд бэлээхэн бий. Түүнийг бид ашиглаж цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэсэн ухаалаг арга хэлбэрт шилжиж байна” гэлээ.
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Засгийн газрын 2014 оны тогтоолоор баталсан “Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах” журмын 3.1-д заасны дагуу улсын хэмжээнд орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг хийж ирсэн.