БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа|Daam.mn

16/09/2020 16

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Талуудын албан ёсны төлөөлөгчид гурван метрийн зай бүхий аюулгүй бүсэд байраа эзэлснээр уулзалт эхэлжээ.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхий дахин тархсан цар тахлын үед БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийж буй айлчлал нь хоёр улсын хооронд өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалж, Монгол Улс-БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгасан үйл явдал болж байна гээд, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинд дэвшүүлсэн мэндчилгээг нь уламжилж өгөхийг хүсэв.

Ерөнхийлөгч 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчилж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзсан билээ. Айлчлалын хүрээнд хүнд хэцүү үеийг туулж буй хятадын ард түмэнд монголын ард түмний сэтгэлийн илэрхийлэл болгон 30 мянган толгой хонь хандивлаж байгааг мэдэгдсэн юм. Улмаар хандивын 30 мянган толгой хонийг хятадын талд хүлээлгэн өгөх бэлтгэл ажил ид явагдаж байна.

Уулзалтын үеэр талууд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам баяжуулж, хоёр улсын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх, цаашид улам нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд идэвх, санаачилгатай ажиллах, ингэхдээ нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Тухайлбал, Ерөнхийлөгч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт түлхүү хөгжүүлэх нөөц бололцоо хангалттай байгааг онцолж, монголын цэвэр хөрс, ус, агаарт боловсорсон “эко” хүнсийг экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Мөн хоёр орны хүмүүнлэгийн харилцааны зарим асуудлаар санал солилцож, харилцан бие биенээ хүндэтгэх зарчмыг баримтлах нь чухал болохыг тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улс-БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар хөгжүүлэхэд бэлэн байгаагаа харилцан илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ноён Ван Игийн Монгол Улсад хийж буй айлчлалд амжилт хүслээ.

Холбоотой мэдээ

ЦАЙ ВЭНЬРУЙ: ӨМӨЗО-ны асуудлыг зориуд өдөөн хатгаж байна | DAAM.MN

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны /ӨМӨЗО/ сургуулиудын нэгдүгээр ангиас хятад хэлний хичээлий

19/09/2020

11 хүнийг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэнэ|DAAM.MN

11 оронд суух Элчин сайдын томилгоог намрын чуулганаар хэлэлцэх асуудал хүлээгдэж байна. Засгийн газ

18/09/2020

У.Хүрэлсүх В.В.Путинг дуурайдаг шиг Ерөнхийлөгчийг дуурайгч бас бий | Daam.mn

Хүн өөрөөсөө илүү хүнийг харж, даган дуурайж хөгждөг гэдэг. Үүний жишээгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх

17/09/2020