Санхүүгийн боломжгүй болсон 486 иргэнийг өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн онгоцоор авчирчээ | DAAM.MN

12/10/2020 53

Коронавируст цат тахлын хоёрдугаар давалгаа гарч, хурдацтай тархаж байгаа талаар ДЭМБ-аас анхааруулж буйтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар халдварын тархалтыг дотооддоо алдахгүй байх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа бөгөөд энэ талаараа аравдугаар сарын 16-ны УИХ-ны чуулганаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийх гэж байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт мэдээлэл хүргүүслнийг товчлон хүргэе.



Дэлхийн улс орнуудад

COVID-19-ийн улмаас дэлхийн 53 улс дотоодын хөдөлгөөнд, 70 улс олон нийтийн үйлчилгээний газар, цуглаан, сургуулийн үйл ажиллагаанд тус тус хязгаарлалт тогтоож, 109 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоох замаар халдвараас урьдчилан сэргийлэх, голомтыг устгах, тархалтыг хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс хамаарч халдварын тархалт улс орон бүрд харилцан адилгүй байгаа боловч хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт нь хамгийн үр дүнтэй байгааг ДЭМБ-аас онцолжээ.

Сүүлийн үед COVID-19-ийн шинж тэмдэггүй хүн халдвар тараах тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд уг вирус нь хүнээс хүнд халдварлахаас гадна хүнээс амьтанд, улмаар амьтнаас амьтанд халдварлаж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

ДЭМБ-ын судалгаагаар коронавирусийн халдвар авч, эдгэсэн хүмүүсийн дунд эсрэг биет үүссэн байдал харьцангуй бага буюу 1-10 хувьтай байгаа бол бусад судалгаанд 14-15 хувьтай байна.

‘‘COVID-19 халдвар цаашид ч тархах төлөвтэй, ирээдүйд голомтот халдвар дэгдсээр байх болно” гэж ДЭМБ-аас мэдээлээд байна.

Монгол Улсад

2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс аравдугаар сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 26,950 хүнд тандалт судалгаа явуулж, давхардсан тоогоор 74,522 хүнд шинжилгээ хийснээс бусад улс орноос зөөвөрлөгдөн орж ирсэн 315 тохиолдлыг илрүүлэн оношилж, түүнээс 308 хүнийг эмчилж эдгээсэн бол 7 хүн /биеийн байдал хөнгөн 6, хүндэвтэр 1/ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

COVID-19 халдвар зөөвөрлөгдөн орж ирэх болон хүн амын дунд тархах эрсдлийн үнэлгээг 2020 оны нэгдүгээр сараас хойш нийт 12 удаа хийснээс гадна

  • Хилийн Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн авто замын боомтод коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдлийн үнэлгээ
  • 21 аймаг болон гамшгаас хамгаалах улсын 8 албанд хариу арга хэмжээ авах чадавхын үнэлгээг тус тус хийсэн бөгөөд “өндөр” эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байна.
Эрсдлийн үнэлгээний багийн дүгнэлтээс үзэхэд манай улсын хүн амын дунд халдвар тархаж, 1 хувь буюу 32,000 хүн халдварт өртвөл түүний 4,935 хүний биеийн байдал хүндрэх, 1,645 хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээнд орох, 1,481 хүн нас барах магадлалтай байна.

Манай улс коронавируст халдварын улмаас хилээр зорчих хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадад гацсан монгол иргэдийг татан авах ажиллагааг шат дараатайгаар тасралтгүй зохион байгуулж байна.

2020 оны аравдугаар сарын 8-ны өдрийн байдлаар дэлхийн 81 улс орноос 23,750 иргэн /эрэгтэй-11055, эмэгтэй-12515/-ийг татан авсан.

Үүнээс

  • 85 удаагийн тусгай үүргийн нислэгээр 17,029
  • газраар 6,541 /Алтанбулаг, Замын-Үүд авто замын боомтоор/ иргэнийг тус тус татан авчирлаа.

2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад хандан дэлхийн 48 улсаас 10,654 иргэн эх орондоо буцах хүсэлт гаргасан байна. Үүнд:

  • бага насны хүүхэдтэй-1801;
  • эрүүл мэндийн шалтгаантай-463;
  • өндөр настан-462;
  • жирэмсэн-163;
  • оюутан-1166;
  • санхүүгийн боломжгүй болсон-486;
  • бусад шалтгаантай-6113.

Энэ сарын эхний долоо хоногт гурван удаагийн захиалгат нислэгээр 580 иргэнээ татан авсан бөгөөд цаашид хуваарийн дагуу дараах захиалгат нислэгийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна:

  • 10 дугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатар;
  • 10 дугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар;
  • 10 дугаар сарын 12, 16-20-нд Сөүл-Улаанбаатар;
  • 10 дугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа одоогоор тодорхойгүй байна.

Улсын онцгой комиссын шийдвэрээр хилийн чанадад санхүүгийн хүндрэлд орсон, орон байргүй, нутаг буцах зардалгүй болсон иргэддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор 300 сая төгрөгийг “Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сан”-д шилжүүлсэн.

Түүнчлэн НҮБ-ын Шуурхай хариу арга хэмжээний сангаас $1 саяын санхүүжилт босгох зорилгоор НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран ажиллаж байна.

Захиалгат нислэгт хамрагдах иргэдийн нэрийг ил тод, нээлттэй болгох, иргэдийг чирэгдэлгүйгээр жагсаалтад оруулах талаар Улсын онцгой комиссоос үүрэг өгснөөр 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрууд захиалгат нислэгт хамрагдах иргэдийн жагсаалтыг олон нийтэд нээлттэй зарлах болов.

Сүүлийн саруудад тусгай үүргийн нислэгийн чиглэл, давтамжийг тогтмол нэмэгдүүлж, гадаадаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авах ажиллагааг эрчимжүүлж байгаатай холбогдуулан COVID-19 халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл “өндөр” хэвээр байгааг бүх шатанд анхаарч ажиллаж байна.

ХӨСҮТ 250 халдвартай өвчтөн хүлээн авах хүчин чадалтай

Гадаадаас иргэдээ татан авах ажиллагаа нь тусгаарлах байрны хүрэлцээ, эрүүл мэндийн байгууллага, түүний дотор ХӨСҮТ-ийн вируслогийн лабораторийн хүчин чадал, оношлуурын нөөц, эрүүл мэндийн ажилтнуудын хүрэлцээ зэргээс ихээхэн хамаарч байна.

  1. 2020 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 23:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 3,679 иргэн 76 тусгаарлан ажиглах байранд байна. Үүнээс Улаанбаатар хотод Монгол Улсын иргэн-2,150, гадаадын иргэн-794; орон нутагт Монгол Улсын иргэн-463, гадаадын иргэн-272 байна.
  2. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 266 зочид буудал, амралтын газар үйл ажиллагаа явуулж байгаагаас дээрх тусгаарлах байрны шаардлагыг хангаж, харилцан зөвшилцсөн нийт 28 зочид буудал, 1 амралтын газар, 1 сувилалд тус тус иргэдийг тусгаарлан ажиглаж байна.

Харин үлдсэн 153 зочид буудал, 43 амралтын газрын 25 хувь нь гал тогоогүй, нийтийн ариун цэврийн өрөөтэй, 27 хувь нь усан хангамжийн инженерийн нэгдсэн шугамд холбогдоогүй тул гар, нүүр угаах, усанд орох, бие засах зэрэг эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй, 48 хувь нь орны тоо хэт цөөн зэргээс шалтгаалан тусгаарлах байрны зориулалтаар ашиглах боломжгүй байна.

ХӨСҮТ нь 250 халдвартай өвчтөн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд тус төвийн 35 их эмч, 60 сувилагч, 14 ариутгагч ажилтан “Халдвар хамгааллын дүрэм”-ийн дагуу 28 хоног (14 хоног өвчтөнтэй ажиллаж, 14 хоног эмнэлэг дээрээ тусгаарлагддаг)-оор ээлжлэн голомтод ажиллаж байна.

  • Хүн амын дунд КОВИД-19 халдвар тархсан үед Хан-Уул дүүргийн Эх, нялхсын 300 ортой эмнэлгийг 1,000 ортой болгон өргөтгөн зохион байгуулж ашиглахаар төлөвлөж байна.
  • Мөн тус дүүрэгт шинээр баригдаж байгаа Түлэнхийн төвийг ашиглалтад оруулснаар 200, Геронтологийн төвийн Ахмадын эмнэлэгт 60, нийт 260 ор гарах боломжтой юм.

2020 оны 10 дугаар сараас эхлэн улирлын томуу өвчний дэгдэлт эхэлж, эрсдэлт нөхцөл байдлыг улам хүндрүүлж, КОВИД-19 халдварын тархалттай хавсарч тархах магадлал маш өндөр байгааг эрүүл мэндийн мэргэжилтнүүд онцгойлон анхааруулж байна.

Иймд томуугийн вакцины захиалгыг шуурхай хийж, нөөцийг үндэсний хэмжээнд бүрэн хангах хүрээнд ХӨСҮТ болон аймаг, сумдын эмнэлгүүдийн нөөцийг сайжруулахад анхаарч ажиллаж байна.

Аравдугаар сарын 1-ний байдлаар ₮3.5 тэрбумын мөнгөн хөрөнгө, ₮4.3 тэрбумыг бараа материалын хандив цугласан

2020 оны төсвийн тодотголоор гамшгийн голомтод ажиллаж байгаа албан хаагчдын хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээр хангахад:

  • Мэргэжлийн хяналтын еренхий газарт 1.2 тэрбум төгрөг;
  • Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт 2.8 тэрбум төгрөг;
  • Гаалийн ерөнхий газарт 2.2 тэрбум төгрег, нийт 6.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн.

Эрүүл мэндийн салбарт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зориулалтаар:

  • хувийн хамгаалах хэрэгсэл, эм – 55.8 тэрбум төгрөг;
  • эрүүл мэндийн дэмжих төв – 8.4 тэрбум төгрег;
  • лабораторийн шинжилгээ – 6.8 тэрбум төгрөг

Нийт 71 тэрбум төгрөг,

Түүнчлэн:

  • улирлын томуугийн болон коронавирусийн вакцин хийхэд 22.3 тэрбум төгрөг;
  • Цэргийн төв эмнэлэгт 8 тэрбум төгрөг;
  • Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт 0.2 тэрбум төгрөг;
  • Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Сэргээн засах төвд 1.1 тэрбум төгрөг;
  • ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч, ажилтнуудын илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс, ар гэрт олгох дэмжлэгт 10.1 тэрбум төгрөг;
  • сувилагч мэргэжлээр суралцагчдын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 5.9 тэрбум төгрөг

Нийт 118.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.

2020 оны аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжиж

  • 290 аж ахуйн нэгж, байгууллага, 257 иргэнээс нийт 3.5 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө
  • 121 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс нийт 4.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа материалыг Улсын онцгой комисст хандивласан.

Үүнээс 6.6 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, бараа материалыг Улсын онцгой комиссын Шуурхай штаб, холбогдох төрийн байгууллагууд, нийслэлийн авто замын шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэг, тусгаарлах байрны хэрэгцээ болон шаардлагатай тоног төхөөрөмж, үйл ажиллагаанд зарцуулаад байна.

Цаашид коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Амны хаалтаа зүүцгээе” 2 дугаар аяныг ернүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

КОВИД-19 халдварын цар тахлын аюул одоо ч хэвээр байгаа тул сонор сэрэмжээ сулруулалгүй, дор бүрдээ амны хаалт зүүж, гараа ариутгах, хүн хооронд зай барих зэрэг нийгмийн эрүүл мэндийн шалгарсан аргаа байнга мөрдөхөд иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн хүчин чармайлт, оролцоо, хариуцлага нэн чухал хэвээр байна.

Холбоотой мэдээ

АСА АВАРГА АХ Д.СУМЪЯАБАЗАРТАЙГАА НИЙЛЭН БАНК ДАМПУУРУУЛЖ УЛСЫН МӨНГӨ ЗАВШИХ УУ | DAAM.MN

Улсын 120 гаруй тэрбум төгрөгийг хадгалж байсан Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк дамп

20/10/2020

Тэмцэгч Б.Жагар Монголын Ногоон Намд анхны ялалтыг авчирлаа | DAAM.MN

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн дүн гарч байна.Хан-Уул дүүрэгт дэхь НИТХ-ын

15/10/2020

312,476 ширхэг хувьцаа арилжжээ | DAAM.MN

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 33

15/10/2020