“Оюу толгой”-д ТЕГ-аас ₮649 тэрбумын акт нэмж ногдуулсныг арбитрын шүүхэд өгнө гэжээ | DAAM.MN

12/01/2021 182

Монгол Улсын Татварын ерөнхий газраас он гарахын өмнө “Оюу толгой” компанид 649 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан . Энэ талаар “Оюу толгой” компани албан ёсны байр сууриа илэрхийлжээ.

Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.



“Оюу толгой” ХХК нь Монгол Улсын шилдэг татвар төлөгчөөр жил дараалан шалгарч ирсэн бөгөөд 2010 оноос хойш нийт 5.8 их наяд гаруй төгрөг (ойролцоогоор 2.8 тэрбум ам.доллар)-ийг  татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамж хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт төлжээ.

“Оюу толгой” ХХК Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулагч бөгөөд 2010 оноос хойш нийт 11.3 тэрбум гаруй ам.долларыг дотоодод зарцуулсан байна. Монгол Улсын томоохон  ажил олгогчийн хувьд ажлын байраар дамжуулан үнэ цэн бүтээж байгаагаараа бахархдаг. Одоогоор тус төсөлд 12,300 гаруй хүн ажиллаж байгаагаас 94 хувь нь монголчууд байна.

Тус компани

  • 2016 онд 215 сая ам.доллар
  • 2017 онд 228 сая ам.доллар
  • 2018 онд 308 сая ам.долларын татварыг тус тус төлсөн бол

2020 онд ойролцоогоор 290 сая ам.долларын татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бусад төлбөр хураамж төлсөн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын КОВИД-19  цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих үүднээс ашигт малтмалын нөөц ашигласны зарим төлбөрийг хуулийн хугацаанаас өмнө шилжүүлсэн.

“Оюу толгой” ХХК 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий газраас 649 тэрбум төгрөг (ойролцоогоор 228 сая ам.доллар)-ийн Нөхөн ногдуулалтын акт хүлээн авсан. Энэхүү Нөхөн ногдуулалтын акт нь “Оюу толгой” ХХК-ийн 2016-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалттай холбоотой юм.

“Оюу толгой” ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан татвар, төлбөрийг холбогдох хууль, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ), Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалт,  санхүүжилтийн төлөвлөгөө болон Татварын ерөнхий газраас өгсөн зөвлөмжүүдийн хүрээнд цаг хугацаанд нь бүрэн төлдөг билээ. Мөн тус компани нь Олон улсын эдийн засгийн хамтын  ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Үнэ шилжилтийн зөвлөмж гэх мэт олон улсын  холбогдох дүрэм, журмыг үйл ажиллагаандаа баримталж ажилладаг.

Энэхүү татварын хяналт, шалгалтын хамрах хугацаанд буюу 2016-2018 оны хооронд “Оюу толгой”  ХХК нь 797 сая ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамжид шилжүүлсэн. Мөн хугацаанд “Оюу толгой” ХХК нь 600 сая гаруй ам.долларын алдагдалтай ажилласан байна.

Татварын ерөнхий газар нь Нөхөн ногдуулалтын актаар тус компанийн ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдлын дүнг 3.4 их наяд төгрөг (ойролцоогоор 1.5 тэрбум доллар)-өөр бууруулан шийдвэрлэсэн.

Энэхүү Нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлуудын нэлээд хэсэг нь 2013-2015 онуудыг хамарсан татварын хяналт шалгалтын үр дүнд 2018 оны 1 дүгээр сард ногдуулсан Шийтгэлийн хуудаст дурдсан асуудлуудын үргэлжлэл юм. Өмнөх татварын шалгалтаар ногдуулсан татвар, төлбөрийн талаарх маргааныг ХөОГ болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний маргаан шийдвэрлэх заалтын дагуу нэг мөр шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” ХХК санал нэгтэйгээр олон улсын арбитрын шүүхэд 2020 онд хандсан.

Нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлууд нь олон улсын арбитрт хандсан асуудлуудтай үндсэндээ ижил төстэй, зарим нь адилхан байгаа тул тус компани Нөхөн ногдуулалтын акттай холбоотой шинэ асуудлуудыг олон улсын арбитрын шүүхэд явагдаж буй ажиллагаанд нэмж оруулах хүсэлт гаргахаар бэлдэж байна.

“Оюу толгой” ХХК нь татвар, төлбөрийг цаг тухайд нь бүрэн хэмжээгээр төлдөг гэдгээрээ бахархдаг бөгөөд Оюу толгой шиг том хэмжээний төслийн хөрөнгө оруулалтыг зөвхөн ил тод, урьдчилан таамаглах боломжтой татварын орчинд үндэслэн хийх боломжтой байдаг гэдгийг тодотгожээ.

КОВИД-19 цар тахалтай хийх тэмцэл, цар тахлын нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилгоор Рио Тинто компани болон “Оюу толгой” ХХК 602 мянган ам.доллар буюу ойролцоогоор 1.7 тэрбум төгрөгийг Монгол Улсын цар тахлын эсрэг үйл ажиллагааны тогтвортой байдлыг бэхжүүлэх, хариу үйлдэл үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэх төслүүдийг шинээр санхүүжүүлэхэд хандивлах болсноо 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр зарласан.

Мөн нэмэлтээр “Оюу толгой” ХХК, түүний ажилтнууд КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилгоор 455 сая төгрөгийн хандив өргөсөн юм. Үүнээс

  • 100 сая төгрөгийг Улсын онцгой комисст,
  • 200 сая төгрөгийг Өмнөговь аймгийн Онцгой комисст
  • 10 сая төгрөгийг Говийн оюу хөгжлийг  дэмжих сангаар дамжуулж Ханбогд сумын Онцгой комисст тус тус хандивласан.

Оюу толгой төслийн ажилтнууд хандивын аян өрнүүлсний үр дүнд цугларсан 145 сая төгрөгийг Эрүүл мэндийн  яаманд мөн хандивласан. Энэхүү хандивын аянд Оюу толгойн гэрээт 38 компанийн ажилчид оролцсон юм.

 

Эх сурвалж: Оюу толгой

Холбоотой мэдээ

“Зүрхэнд шивнэсэн үг” киноны хөөрхөн охин ийм том болжээ | DAAM.MN

Хүүхэд ахуй насандаа кино урлагийн сор бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн олон арван хүмүүс бий. Зар

20/01/2021

33 тэрбумын асуудалд орсон гишүүдийг эргүүлэн татах асуудлаар мэдэгдэл хийлээ | DAAM.MN

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг эгүүлэн татах асуудлаар “Алтан Дорнод Монго

20/01/2021

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ил захидал явууллаа | DAAM.MN

“Оюу Толгой” төслийн ЗГ-ын ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга, эрхэм дүү Б.Солонгод эргэцүү

18/01/2021