
Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нарын таван хүн биеэ үнэлэгч авсан гэх бичлэг өнгөрсөн амралтын өдөр олон нийтэд ил болсон.
Уг хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Уг бичлэг олон нийтэд хүрсний дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд хойшлуулашгүйгээр хэргийн холбогдогч нараас тайлбар мэдүүлэг авч, эрүүгийн хуулийн 12.6.1-д заасны дагуу хууль бусаар биеэ үнэлэлт зохион байгуулсан гэдгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтайгаар прокурорт саналаа хүргүүлсэн. Шалгалтын явцад бичлэгт дүрс нь гарсан хоёр эмэгтэйн дансанд мөнгө орсон нь урьдчилсан байдлаар тогтоогдсон” гэв.
Нэрээ нууцлахыг хүссэн албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Бичлэгт гарсан эмэгтэйчүүд өмнө нь биеэ үнэлдэг байсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Гэхдээ сэжигтэн эмэгтэйчүүд өмнө нь хууль бусаар биеэ үнэлэлт зохион байгуулсан гэх хэргээр шалгагдаж, эрүүгийн болон зөрчлийн хуулиар шийтгүүлж байсан гэх асуудал тогтоогдоогүй. Хэргийн холбогдогчдийн данснаас хэчнээн төгрөгийг шилжүүлэн авсныг тогтоох процесс яг одоо үргэлжилж байна” гэв.
Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгах явцад Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нар биеэ үнэлэгч авсан, тэдэнтэй бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 6.18.4-т заасны дагуу биеэ үнэлэгч нарын хууль бусаар олсон орлогыг хурааж, биеэ үнэлэгч авсан этгээдүүдийг тус бүр 50,000 төгрөгөөр торгох хуулийн заалттай юм байна.
Эх сурвалж: Livetv.mn