Коронавирусийн эсрэг вакцины талаар ЗААВАЛ мэдэх ёстой зүйлс | DAAM.MN

22/02/2021 52

ЭМБ-аас албан ёсоор Pfizer, АstraZeneca вакциныг албан ёсоор бүртгэж аваад буй. Түүнчлэн БНСУ болон БНЭУ-ын хоёр эм үйлдвэрлэгч АstraZeneca вакциныг эх орондоо үйлдвэрлэх зөвшөөрлийг авсан.

Манай улсын хувьд 2021 оны нэгдүгээр сарын 10-нд Pfizer, АstraZeneca, Moderna гэсэн гурван вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэснээ зарласан.

Хүн амынхаа 60%-ийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамруулахаар Засгийн газар төлөвлөсөн бөгөөд эхний 150 мянган тун вакциныг БНЭУ-аас өнөөдөр Улаанбаатарт авчирсан бөгөөд маргаашнаас дархлаажуулалт эхэлнэ.

Тэгвэл COVID-19-ийн эсрэг вакцины талаар бидний мэдэх ёстой ойлголтуудын тухай Япон улсын Каназава Үндэсний их сургуулийн Анагаахын сургуулийн дэд профессор, АШУҮИС-ийн дэд профессор, доктор Д.Нямбаярын онлайн уулзалтын үеэр өгсөн мэдээллийг тоймлон хүргэе.

Онлайн уулзалтын үеэр доктор Д.Нямбаяр вакцины талаар түгээмэл асуултуудад хариулж, мэдээлэл өгсөн юм.


ВАКЦИН ХИЙЛГЭЖ БОЛОХГҮЙ ЭСРЭГ ЗААЛТ МАШ ЦӨӨН

– КОВИД-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүн вакцин хийлгэх шаардлагатай юу?

– Дэлхий дахинд 100 сая орчин хүн вакцин хийлгээд байгаагийн 30 орчим сая нь зөвхөн АНУ-ын иргэд байгаа. Дархлаажуулалт өргөн хүрээтэй хийгдэж байгаа учраас бодит үнэнд нийцсэн зөвлөмж гарсан. Тус зөвлөмжид КОВИД-19-ийн халдвар аваад эдгэрсэн ч гэсэн вакцин хийлгэх хэрэгтэй гэсэн байгаа. Яагаад гэвэл коронавирусийн эсрэг байгалийн жамаар тогтсон дархлаа хэр удаан үргэлжлэхийг одоохондоо тогтоогүй байна. Вакцин хийлгэснээр удаан хугацаагаар дархлаа тогтох ёстой гэсэн зарчмаар АНУ-д дархлаажуулалтын ажил хийгдэж байгаа.

– Коронавирусийн эсрэг вакциныг ямар тохиолдолд хориглох вэ, манай улсад жишээлбэл жирэмсэн хүнд тарихгүй гэх мэдээлэл гараад байгаа. Энэ тухайд?

– Мэдээж эхний ээлжинд коронавирусийн халдвар аваад өвчлөл үргэлжилж байгаа үед вакцин хийхгүй.

Дараагийн эсрэг заалт бол маш ховор тохиолддог харшлын урвал үзүүлдэг нь тогтоогдсон хүмүүс уг вакциныг хийлгэхгүй. Жишээлбэл, Pfizer вакцины бүрэлдэхүүн хэсэг болох Polyetheline Glycol(PEG) гэдэг бодисоос харшилдаг бол вакцин хийлгэж болохгүй. Гэхдээ энэ төрлийн харшил маш ховор буюу нэг сая хүн дунд 1-2 тохиолддог.

Мөн коронавирусийн эсрэг биеийн эмчилгээ хийлгэсэн хүмүүс вакцин хийлгэж болохгүй. Манай улсын хувьд ийм эмчилгээ хийхгүй байгаа.

Ерөнхийдөө эсрэг заалт маш цөөхөн.

Жирэмсэн хүмүүст эсрэг заалт байхгүй. Вакцин хийлгэж болно. Астматай хүмүүст бас болохгүй гэсэн мэдээлэл яваад байгаа нь ташаа мэдээлэл. Гэхдээ вакцин тарьснаас хойш 15-30 минут ажиглах хэрэгтэй.

Вакциныг хүний биед тарихад дархлааны тогтолцоо хариу урвал үзүүлдэг. Ямар ч өвчний эсрэг вакцин тариулахад илэрдэг ерөнхий шинж тэмдгүүд бий. Тухайлбал, бага зэрэг халуурах, тарьсан хэсэгт өвдөлт өгөх, улайх, толгой өвдөх, ядрах гэх мэт шинж тэмдэг илэрч болно. Энэ бүхэн нь сөрөг биш харин ч таны дархлааны тогтолцоо сайн ажиллаж байгааг илтгэх эерэг шинж тэмдэг юм. Үүнтэй хольж болохгүй нэг зүйл байгаа нь хүчтэй шок буюу харшлын урвал явагдах үйл явц. Түрүүн хэлсэн Polyetheline Glycol (PEG) гэх бодисын харшилтай бол шоконд орно. Гэхдээ энэ харшлын урвалыг маш хурдан таслан зогсоож болдог. Шоконд орсон хүнд хийдэг тариа бий. Тухайн тариаг хийхэд тэр дороо зүгээр болно. Тиймээс вакцин тариулснаас хойш 15-30 минут ажиглах бөгөөд хариу урвал гарвал тэр дор нь арга хэмжээ авах боломжтой. Амь насанд аюулгүй.

АНУ-д хийсэн судалгаагаар 2 сая хүнд вакцин тарихад 20 хүнд харшлын урвал илэрсэн бөгөөд тарьсан хэсэгт өвдөлт өгөх, улайх, толгой өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн байна. Үүн дотроо 2 хүнд хүчтэй шок өгсөн учраас тариа хийсэн. Тиймээс тухайн хүмүүс ямар ч асуудалд ороогүй.

ДЭЛХИЙ ДАХИНД ХЭРЭГЛЭЭД ЭХЭЛСЭН ДӨРВӨН ВАКЦИНЫ ХОЁРЫНХ НЬ ҮР ДҮН ТОДОРХОЙГҮЙ ХЭВЭЭР БАЙНА

ДЭМБ-аас 50 хувиас дээш үр дүн өгч байгаа вакциныг “Үр дүнтэй” гэж тооцдог.

Pfizer, Moderna вакцинуудын/messenger mRNA дээр суурилсан/ зургаадугаар шатны туршилтуудын дүнгээс харвал 95 хувийн үр дүнтэй гэсэн судалгааны бүтээл гарсан. Хүний биеийн эсийг бөмбөг шиг хэмжээтэй гэж үзвэл энэ вакцин зүү шиг бөгөөд эсэд саgдгүйгээр орж, шууд үйлчилнэ. Нэн шинэ төрлийн энэ вакцин үр дүн өндөртэйгээс аюулгүй.

Pfizer вакциныг -80 градуст хадгалах ёстой бол Moderna-г -20 градуст хадгалж болох нь давуу тал болоод байсан. Гэтэл өчигдөр шинэ мэдээлэл гарсан. Pfizer вакциныг -20 градуст хоёр долоо хоног хадгалж болно гэдгийг туршилтын явцад тогтоосноо мэдээллээ. Үүнийгээ ДЭМБ-д мэдээлснийг удахгүй албажуулах болов уу.

АstraZeneca-ийн вакцин бол ханиадны вирус дотор коронавирусийг оруулан эс рүү илгээж байгаа хувилбар. Ханиадны вирус эс рүү нэвтрэн ортлоо урт зам туулж байгаа учраас үр дүн нь 60-90 хувь буюу дунджаар 70 хувьтай байгаа.

Синофарм вакцин нь КОВИД-19 вирусийг химийн бодисоор амьгүй болгож, хүний биед амьдрах чадваргүй болсон вирусийг хүний биед тарьж, дархлаа үүсгэж байгаа юм.

Хятадын Синофарм вакцины үр дүнгийн талаар мэдээлэл дэлхий дахинд алга. Синофарм вакцины гуравдугаар шатны туршилтыг Бразил улсад хийж эхэлсэн ч дундаас нь яагаад ч юм зогсчихсон. Ямар учраас туршилтаа зогсоосноо ч мэдээлээгүй.

Спутник вакцины хувьд АstraZeneca-тай төстэй. Гэхдээ үр дүнгийн талаар мэдээлэл алга байна. Лансет сэтгүүл дээр Спутник вакцины талаар мэдээлэл гарсан ч дутуу дулимаг бөгөөд судалгааны аргачлал нь вакциныг үр дүнтэй гэж гаргахаар хүчилсэн байдалтай байсан. Дэлхий даяар Спутник вакцины үр дүнд итгэхгүй байгаа.

Оросын хувьд эмнэл зүйн нэг, хоёрдугаар шатны туршилтаа хиймэгцээ дэлхий дахинд вакцин бүтээсэн гэж зарлаад гуравдугаар шатны туршилтаа хийлгүйгээр дотооддоо вакцинаа тариад эхэлсэн. Гуравдугаар шатны туршилтаар хэдэн арван мянган хүнд туршилт хийгээд үр дүн, үйлчлэлийг тодорхойлдог. Энэ судалгааны үр дүнг үндэслэн тухайн вакциныг хэрэглэх үү, үгүй юу гэдгийг шийддэг.

Манай хоёр хөршийн хувьд нэг болон хоёрдугаар шатны туршилтаа хийсний дараа хүн амаа вакцинд хамруулаад эхэлсэн. Дэлхий дахины хувьд эмнэл зүйн гуравдугаар шатны туршилтаа хийгээгүй вакциныг хүн амдаа хийж байгааг гайхаж хүлээж авсан.

MESSENGER RNA ТЕХНОЛОЛОГИД СУУРИЛСАН ВАКЦИНЫ ЗАГВАРЫГ НЭГ ШӨНИЙН ДОТОР БҮТЭЭСЭН ЭРДЭМТЭД ТЭРБУМТАН БОЛОВ

– Вакциныг шинээр үйлдвэрлэж гаргахад хэдэн жилийн хугацаа шаарддаг. Тэгтэл КОВИД-19-ийн эсрэг вакциныг хэдхэн сарын дотор бүтээсэн. Үүнээс болгоомжлох ёстой юу?

– Бид болгоомжлох биш, харин ч баярлах ёстой. Шинжлэх ухааны хөгжил ямар шатандаа байгааг бид харж, мэдэрч байна.

КОВИД-19-ийн эсрэг вакцин бүтээх маш олон ажил хийгдэж, Засгийн газрууд дэмжсэн. Хөрөнгө мөнгөний хувьд асуудал гараагүй. Мөн бүртгэлийн үйл явц яаралтай зарчмаар хийгдэж, зөвшөөрөл олгосон. Үүний үр дүнд хүнд сурталтай, цаг авдаг асуудлуудыг хурдан шийдэж өгч чадлаа.

Германд амьдардаг Турк гаралтай эхнэр нөхөр хоёр BioNTech гарааны компанийг ажиллуулж байсан. Тэд messenger RNA дээр суурилсан хавдрын эсрэг эмчилгээг хийхийг зорьж 10-аад жил ажилласан. Ингээд байж байтал коронавирусийн халдвар тархаж, нэгдүгээр сарын 31-нд тус вирусийн геномын мэдээлэл дэлхий дахинд ил болсон. Эхнэр нөхөр хоёр коронавирусийн геномын дарааллыг аваад нэг шөнө суугаад Pfizer вакцины гол цөм болох загварыг нь бүтээсэн. Нэг шөнийн дотор л тус загварыг зохиосон хоёр эрдэмтэн тэрбумтан боллоо.

Коронавирусийг харьцангуй тогтвортой вирус гэж хэлж болно. Хурдан хувьсдаг, тухайлбал ДОХ-ын вирусийн эсрэг вакцин хийхэд маш хэцүү, бараг боломжгүй байдаг. Азаар коронавирус харьцангуй тогтвортой байгаа. Гэхдээ вирус л учраас хувьсана.

Бид вакцин худалдан авахдаа юуг ёстой вэ?

алалВакцины хадгтын нөхцөл нэн тэргүүнд тавигдах шаардлага байх ёстой. Түүнээс биш “найрсаг харилцаатай ахаасаа авна” гэсэн хөнгөмсөг байдлаар хандаж болохгүй гэдгийг доктор Д.Нямбаяр онцлон хэлсэн юм.

Онлайн уулзалтын бүтэн бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ

Италид вакцинд тэсвэртэй коронавирусийн шинэ хувилбарыг илрүүлжээ | DAAM.MN

Италийн хойд хэсэгт оршдог Брешиа хотод вакцинд тэсвэртэй "нигерийн" гэгдэх вирусийн шинэ омгийг илр

03/03/2021

Иргэд PCR -н шинжилгээ өгөөд орон нутагт очсон бол тусгаарлагдах шаардлагагүй | DAAM.MN

Нийслэлээс гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээсэн. Гэвч аймаг, сум бүр нийсл

03/03/2021

УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД 300 ОРЧИМ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА | DAAM.MN

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма сэтгүүлчдийн

03/03/2021