Өмгөөлөгч Ж.Батхуяг мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан уу?

25/01/2020 291

Энэ сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны гэр бүлийнхэн анх удаа олон нийт болон хэвлэлд хандан мэдээлэл хийсэн билээ. Тус хэвлэлийн бага хуралд хуульч, өмгөөлөгч Ж.Батхуяг, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар оролцсон. Энэ үеэр өмгөөлөгч Ж.Батхуяг Эрүүгийн хуулийн 21.9.2-т заасанчлан хэргийн мэдээ, баримтыг задруулсан болохыг хуулийн хүрээнийхэн өгүүлж байна.

Тэрбээр “УИХ-ын гишүүн асан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд зуурдаар таалал төгссөн. 2019 оны тавдугаар сараас хойш одоо хүртэл хэрэг шийдэгдээгүй байна. Гэр бүлийнхэн нь өдийг хүртэл тайван хүлээцтэй хандаж, мэдээлэл хийгээгүй. Гэтэл гадны нөлөөгүй байна, хэрэг хаагдлаа гэх мэт мэдээлэл цацагдаж байсан. Энэ бүх мэдээлэлд ар гэрийнхэн хүлээцтэй хандаж байсан.

Монгол ёсоо бодоод бурхан болоочийн ясыг өндөлзүүлэхгүй байя гээд аль болох ярихгүй байсан ч сүүлийн үед улс төртэй хутгах, улс төржүүлэх байдал илт болоод байна. Тиймээс бидэнд байгаа үнэн зөв мэдээллийг хүргэе.

Нэгдүгээрт, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт эцэслэж гарсан. Олон хуудас материал байгаа учраас дэлгэрэнгүй унших боломжгүй. Анхаарал татсан хэд хэдэн зүйлийг хүргэе. Дүгнэлтэд талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр зовхинд цус хуралт ухархайн дээд хананы хугаралд үүссэн гэж байгаа юм. Задлан шинжилгээний явцад талийгаачийн хүзүүний зүүн хажууд 70.5 см урттай улайлт үүссэн. Энэ бол боолтын улмаас үүсч болдог улайлт. Цус харвачихлаа гэж мэдээлэл их явсан. Энэ цус харвалт нь өвчний улмаас биш, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн байна гэх дүгнэлт гарсан.

Хоёрдугаарт, энэ хэрэг дээр УИХ-ын нэр бүхий гишүүнээс полиграфын тест авсан. Үнэн худлыг шалгах багаж. Энэ дүгнэлтийг уншиж сонсгоё. Дүгнэлтээр “Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр” гэсэн ийм тестийн хариу гарсан байгаа.

Гуравдугаарт, хэргийн газар үзлэг хийх явцад талийгаачийн гар утсыг хураан авсан байдаг. Уг гар утсанд үзлэг шинжилгээ хийгээд хохирогчийн талд хүлээлгэн өгсөн. Гар утсыг авахад гар утсан дээр ямар нэг мэдээлэл байгаагүй. Factory reset хийсэн байдалтай байсан. Шинжилгээний дүгнэлтээр ч гар утсанд ямар ч мэдээлэл байхгүй, сэргээх боломжгүй байна гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Дөрөвдүгээрт, Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү нэгэн этгээд мессеж бичсэн. Би хэргийг харсан. Надад 13 секундын бичлэг байгаа гэсэн. Энэ хэргийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн энэ хэргийн талаар мэдэхгүй, хараагүй гээд өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Энэ бас эргэлзэх асуудал.

Дараагийн асуудал нь, мөрдөн шалгах явцад шүүх шинжилгээтэй холбоотой асуудлууд байсан. Рентген зураг авахуулъя гэхээр шүүх эмнэлэг хүлээж аваагүй. Шинжилгээний явцад янз бүрийн оношийг дутуу хийсэн, шинжилгээг дутуу хийсэн нь тогтоогдсон.

Гар утасны хувьд цагдаа нар шинжээч томилохдоо гар утасны гадаргуу дээр хурууны хээ байна уу гэдгийг тогтоох ёстой. Гэтэл түүнээс өмнө дотор нь юу байна вэ гэдэг дээр шинжээч томилчихсон. Уг нь энэ дараалал эсрэгээрээ явах ёстой байсан. Ийм зөрчил, эргэлзээ байна” гэж мэдээлсэн юм.

Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйл. 21.9.2-т:

Шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээллийг зориуд задруулж, нууцалсан гэрчийг илчилж хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж, дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Холбоотой мэдээ

Хоёр настай охиныг эцэг нь хүчирхийлсэн гэх хэргийг хаажээ | DAAM.MN

Хоёрхон настай охиноо төрсөн аав нь хүчирхийлсэн гэх хэрэг энэ оны зургаадугаар сард олон нийтэд ил

26/10/2021

47 ширхэг тарваганы тулмыг товчоодоор нэвтрүүлэхийг завджээ | DAAM.MN

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/620 тоот захирамжийн дагуу хүн мал амьтны гоц халдварт өвчин тарв

22/09/2021

Мансууруулах төрлийн ургамал хэрэглэсэн цагдааг ажлаас нь халж, эрүүгийн хэрэг нээжээ | DAAM.MN

Цахим орчинд цагдаагийн дүрэмт хувцастай алба хаагч мансууруулах төрлийн ургамал хэрэглэж буй гэрэл

21/09/2021