911707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг олгох тооцоо гарчээ

29/01/2020 732

Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголт, тээврийн хэрэгслийн албан татвар болон цахим татварын шинэ системийн талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн нэрс гарч, ТЕГ хянаж байгаа аж. Энэ долоо хоногт шалгаж дуусаад жагсаалтыг Сангийн яаманд хүргүүлэх бөгөөд яам хүлээн авснаас хойш хуулийн хугацаа болох 45 хоногийн дотор иргэдийн дансанд буцаан олголтыг хийх журамтай юм байна. Буцаан олголт буурч орсон гэх иргэдийн гомдолд ТЕГ-аас дараах мэдээллийг өглөө. “Өнөөдрийн байдлаар 911707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгох тооцоо гарсан. Эдгээр иргэдээс 359171 иргэний 14.9 тэрбум төгрөгт эрсдэл тооцсон бөгөөд 996 иргэний 2.1 тэрбум төгрөг хянагдаж байна. Буцаан олгохоор төлөвлөсөн 146 тэрбум төгрөгийн ихэнх нь олгогдох бол 996 иргэний хувьд хянагдаж дууссаны дараа шалгуур хангавал буцаан олгоно. Хуульд заасан шаардлага хангахгүй бол буцаан олгохгүй цуцлагдана” гэсэн тайлбарыг албаныхан хэлж байна.

ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал “НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх явцад албан татвар төлөгчид урамшууллыг олгох ажлыг зохион байгуулж байна. Албан татвар төлөгчийн худалдан авалт хуульд заасан шаардлагыг хангасан бол албан татвар төлөх болон буцаан авах боломж бүрддэг. Хуулийг хэрэгжүүлэхдээ Сангийн сайдын баталсан журмыг баримталдаг. ТЕГ нь татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээ шаардлага хангасан эсэхэд эрсдэл тооцож , хяналт тавьдаг. Шаардлага хангаагүй тохиолдолд буцаан олголтыг хүчингүй болгох зохицуулалт байгаа. Сугалаан дээр мөн адил тохирлын дараа шаардлага хангаагүй гэж үзвэл тохирлын урамшууллыг буцаадаг.2019 онд татварын алба улсын төсөвт оруулсан орлогын 24 хувийг НӨАТ-аар төвлөрүүлсэн.НӨАТ-ын хэмжээг 2016 онтой харьцуулбал 94 хувиар өссөн дүнтэй байна. Урамшуулал олгох болсноос хойш НӨАТ-ын буцаан олголтод 2016 онд 35.1 тэрбумыг олгож байсан бол 2019 онд 121.6 тэрбум төгрөг олгосон. 2019 онд сугалаанд хамрагдаж, азтан болсон иргэдэд 17.6 тэрбум төгрөгийг олгосон байна” гэлээ.

ТЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайханы ярьснаар буцаан олгохоор төлөвлөсөн байгаа 146 тэрбум төгрөгийн ихэнхийг буцааж олгох нөхцөл бүрдсэн бөгөөд 900 гаруй иргэний татварын буцаан олголтын хэмжээг хянаж байгаа аж. Эрсдэл тооцон хянаж үзээд татварын буцаан олголт хийгдэх эсэхийг шийднэ. Эрсдэл тооцож хянаж буй зарим тохиолдлоос дурдвал үүрэн телефоны операторын 8392 баримт буюу 346 сая төгрөгийн буцаан олголт хийх баримтыг нэг дор уншуулсан, ШТС 16 баримт буюу 73 сая төгрөгийн буцаалтыг системд оруулсан зэрэг тохиолдлыг шалгаж байгаа гэдгийг ТЕГ-аас мэдээллээ.

Иргэдийн хувьд гэрийнхээ ойр байдаг дэлгүүрээс бараа авсан баримтууд нь нэг газраас олон удаа худалдан авсан хэмээн буцаалт нь хасагдсан байна гэж мэдээлээд буй бол энэ тал дээр ТЕГ-аас систем автоматаар ажиллаж, шалгуур үзүүлэлт хангаагүй бол эрсдэл тооцож, дахин хяналт хийдэг гэдгийг хэлж байна. НӨАТ-ын буцаан олголт эрсдэлтэй хэмээн хянагдаж байгаа иргэд өөрсдийн баримтыг хуулийн шаардлага хангана гэж үзэж буй бол орон нутгийн иргэд харьяа татварын албанд, нийслэлд оршин сууж байгаа иргэд ТЕГ-т хандан гомдлоо гаргах боломжтой юм байна. Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг “И-баримт аппликейшнээр зөвхөн баримтаа бүртгүүлэхээс гадна төрийн үйлчилгээний төлбөр, авто машины татварыг төлдөг болсон. Цаашдаа системийг байнга хөгжүүлж, аюулгүй байдлыг сайжруулан ажиллаж байна. Мөн энэ жилээс улирал тутам буцаан олголт хийгдэх болсонтой холбогдуулан мэдээллийг шалгах үйл явцыг сайжруулна” гэсэн. Зарим иргэний буцаан олголтын дүн хэмжээ багассан тухай гомдол гарч байгаа нь юутай холбоотойг тодруулахад ТЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан “Систем автоматаар ажиллаж байгаа. Яаж ч бодсон иргэн нэг өдөрт 16 удаагийн худалдан авалтаар 73 сая төгрөгийн шатахуун авах боломжгүй. Систем автоматаар шалгаад гаргаад ирсэн үзүүлэлт дээр бид давхар хянаад зарим хүний аккаунтыг “шалгаж байгаа” төлвөөс “буцаан олгох” төлөв рүү шилжүүлсэн. Одоогоор 996 иргэний аккаунт л “шалгаж байна” гэсэн төлөвтэй байгаа” гэлээ.

Сугалаа, буцаан олголт хоёрыг цаашид явуулахаар шийджээ

Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал “Хянаж дуусаад зөрчил илрэхгүй бол “буцаан олгох” төлөв рүү шилжүүлнэ. 900 мянган хүн буцаан олголт авахаас 996 нь л хянагдаж байна. Хяналтын явцад иргэд татварын албатай холбогдоод асуудлаа шийдэх боломжтой” гэдгийг тайлбарлалаа. Мөн “Татварын ерөнхий газраас энэ долоо хоногт багтаан НӨАТ-ын буцаан олголтын хяналтын ажлаа дуусгаад Сангийн яаманд шилжүүлнэ. Хуульд зааснаар бол оны эхний улиралд багтааж олгох ёстой ч өмнөх жилүүдэд Цагаан сарын өмнө олгож байсан жишиг бий. Татварт эрсдлийн удирдлагын бүтэц ажилладаг. Эрсдлийн шалгуур нууц байдаг учир нь шалгуурыг мэдэж байвал түүнийг тойрсон байдлаар хууль бус үйлдэл хийх нөхцөл бүрдэнэ. Зарим иргэд сугалаа явуулахгүй буцаан олголтоо аваад явъя гэх санал гаргадаг. Гэтэл бүх аж ахуйн нэгж НӨАТ суутган төлөгч биш. Сугалаагүй болвол НӨАТ суутган төлөгч биш ААН-ээр үйлчлүүлсэн иргэд хохирно. Тиймээс Засгийн газар аль аль талынхаа эрх ашгийг бодоод сугалаа, буцаан олголт хоёроо хоёуланг нь явуулахаар шийдсэн” гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

СБД-ийн 10 га газарт Үндэсний урлагийн их театрын барилгыг барина | DAAM.MN

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үнд

27/07/2021

Долдугаар сарын 28-нд манай улсын таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө | DAAM.MN

Маргааш буюу долоодугаар сарын 28-ны өдөр манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрс

27/07/2021

Энэ сарын 25-наас Хятадад “Covid-19”-ийн халдвар дахин бүртгэгдэж эхэллээ | DAAM.MN

Хятад улсад энэ долдугаар сарын 25-ны өдөр “Covid-19”-ийн 76 тохиолдлыг бүрт

27/07/2021