
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат Сүхбаатарын талбайд суулт хийж байна. Тэрбээр “Капитал банкны 234 тэрбум төгрөгийг төлүүл”, “Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг цуцал” гэсэн лоозон эргэн тойрондоо тавьжээ.
МҮЭХ-ны зүгээс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2 хувиар нэмэгдүүлсэнтэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээл, цар тахлын нөхцөлтэй уялдуулан уг хуулийн хэрэгжилтийг тодорхой хугацаагаар хойшлуулах талаар шаардлага тавьж, Ерөнхий сайдад хандаад байгаа юм.
МҮЭХ болон мэргэжил, үйлдвэрлэлийн 14 холбоо хамтран өчигдөр (2021.04.06) нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлах шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж буй талаараа мэдээлэл хийсэн.
МҮЭХ хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцлийг эхлүүлсэн ба үүний үр дүнд Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл царцаах шаардлагатай гэсэн саналыг УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг мэдэгдсэн боловч ийнхүү хоёрдугаар сарын 25-нд гарсан шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна гэдгийг онцолж байв.