АН-ын даргаар М.Тулгатыг батламжиллаа | DAAM.MN

08/04/2021 89

Ардчилсан намын XI ээлжит бус их хурал өнөөдөр /2021.04.07/ Хандгайтад болж, Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгатыг батламжиллаа. Цар тахлын улмаас тус хурал цахимаар зохион байгуулагдаж, 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумаас 1000 орчим гишүүн оролцлоо.


Ардчилсан намын XI ээлжит бус их хурлыг нээж Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл үг хэлсэн юм. Тэрбээр “Ардчилсан намын хувьд өнөөдөр онцгой өдөр болж байна. Монголд анхны цахим сонгуулиар, залуу үеийн төөлөлөл болж, Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгатыг батламжлах өдөр. Ийм өдөр Ардчилсан намын 200 мянга орчим гишүүний энгэрт байх ёстой баатрын тэмдгийг миний бие та бүхнээ төлөөлөн зүүсэн байгааг харж байгаа. Та бүхэн бүгдээрээ баатрууд.

Монголыг Зөвлөлтийн колончлолоос чөлөөлж, коммунистуудын дарангуйлал хядлагаас чөлөөлсөн  Ардчилсан намын гишүүдийг баатрууд гэхгүй юм бол өөр хэнийг баатрууд гэх юм бэ.

Иргэддээ эрх, эрх чөлөөг олгосон Ардчилсан намын гишүүдийг баатрууд гэхгүй юм бол өөр хэнийг баатрууд гэх юм бэ.

Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг, эдийн засаг, улс төрийн хувьд баталгаажуулах гэж яваад гадна дотны улс төрийн захиалгат явуулгын эрсдэлд орж, өнөөдөр хилс хэргээр шоронд сууж, үзэл санааны хоригдол болсон, 1992-1994 онд Ардчилсан намын дарга байсан М.Энхсайхан, 1994-1996 онд Ардчилсан намын дарга байсан Д.Ганболд болон  Үндэсний бодлогын хорооны гишүүн болох С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг баатрууд гэхгүй юм бол өөр хэнийг баатрууд гэх юм бэ?

Сая манай нам чөлөөт сонгуулийн төгс хэлбэр болсон цахим сонгуулийн маш амжилттай явууллаа. Сонгуулийг амжилттай зохион байгуулсан Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг тэргүүтэй гишүүддээ талархал илэрхийлье.

Цахим сонгуулиар ялалт байгуулж, манай залуу үеийн төлөөлөл болж, Ардчилсан намын даргаар батламжлагдаж байгаа М.Тулгат дүүдээ баяр хүргэе.  М.Тулгат бол ардчиллын цэвэр үүлдэр юм. Тулгатын өвөө Сосорбарам ах, эмээ Лхагвасүрэн эгч, авга ах С.Цогтсайхан, аав нь ээж нь Ардчилсан намын анхдагч нар юм гэдгийг би энэ индэр дээрээс нотлон хэлж чадна.

Саяны сунгаагаар бид чамайг баруун төвийн үзэлтэй болохыг харсан. Үзэл санаа нь цэгцэрсэн баруун төвийн үзэлтэй хүнийг  Ардчилсан намын гишүүд олон жил хүлээсэн нь эргэлзээгүй юм.

Ардчилсан намын амин сүнс нь гишүүдийн оролцоотой ардчилал юм. Түүний  нэг илрэл нь сунгаа билээ.  Энэ үнэт зүйлийг хамгаалан тэмцэж,  залуу үеийнхэндээ шинэ удирдлагадаа ардчиллын амин сүнсийг хүлээлгэж өгч чадсан С.Эрдэнэ даргадаа талархал илэрхийлье, төлөөлөгчдийнхөө өмнөөс.

Ардчилсан намыг МАН-ын дагуул нам болголгүй хүлээлгэж өгсөнд С.Эрдэнэдээ талархах учиртай.

С.Эрдэнэдээ андын хувиар хэлэхэд, 1990 онд ардчиллын төлөө хамтдаа тэмцэж явахад, Ерөнхий сайд асан П. Жасрай гуайтай УИХ-ын  52 дугаар тойрог дээр өрсөлдөхөд миний сонгуулийн менежерээр ажиллаж, намайг ялалтад  хүргэсэн хүн бол С.Эрдэнэ. Өнөөдөр С.Эрдэнэ Ардчилсан намыг Ардын намын дагуул болох аюулаас хамгаалан үлдээж чадсанд нөхрийн хувиар баярлаж байна. Чи бол чадсан шүү, Энэ үйл явдлыг Ардчилсан нам мартахгүй.

Ардчилсан нам Ардын намын дагуул болох ёсгүй. Харин Ардын нам Ардчилсан намд ялагдах өдөр ирнэ.  Ялагдах өдрөө хүлээж суух хэрэгтэй. Ардчилсан намын төлөөлөгчиддөө баярын мэнд хүргэе” гэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “500 сая ам.долларын эдийн засагтай байсан улсыг 30 дахин өссөн эдийн засагтай улс болж хөгжихөд чухал нөлөө үзүүлсэн улс төрийн хүчин бол Ардчилсан нам.

Ардчилсан намд өнөөдөр хүнд сорилт ирээд байна. Эвлэрлийг бий болгохын төлөө Ардчилсан намын бүлэг энэ хугацаанд чадах бүхнээ хийсэн. Ардчилсан намыг хоёр хувааж, хүчгүй байлгах сонирхол МАН-д бий. Төрийн бүх эрх мэдэл МАН-ын цагаан байранд очсон. Дураараа хууль баталдаг болсон. Гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар УИХ-ын шийдвэргүйгээр цагаан байрнаас өгч буй даалгавраар шийдээд явдаг болсон. Шүүхийн ерөнхий зөвлөл  сахилгын хороогоороо дамжаад цагаан байранд очиж байна. Авлигатай тэмцэх газар, цагдаа, тагнуул бүгд цагаан байрнаас даалгавар аваад гардаг болсон” гэлээ.

Ардчилсан намын шинэ даргаар сонгогдсон М.Тулгат “Ардчиллын 30 жилийн түүх ард үлдэж буй яг энэ цаг мөчид манай намд үе солигдож байна. Туйлын хүнд нөхцөлд, эгзэгтэй мөчид Ардчилсан намын уг чанар, гал голомтыг эрэлхэгээр авч үлдсэн өмнөх удирдлага, баг хамт олонд чин сэтгэлээс талархал илэрхийлье!

Шинэ гарч буй намын удирдлага үнэт зүйлээ хамгаалж, залгамж чанараа хадгалахын зэрэгцээ, арга ажилагааны хувьд багаараа эрс зоримог шинэчлэлүүдийг хийх болно.

-Бид эвдэрч хагарч явсан намын гишүүдээ эргэн нэгтгэж, эв эеийг хангахын тулд бүхийл хүчин чармайлтыг гаргана.

-Бид дотоод ардчилалаа бэхжүүлэх талаар шийдэмгий алхмуудыг хийж, үнэт зүйл нэгтэй хүмүүст үүд хаалгаа цэлийтэл нээнэ.

-Бид үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулна. Ингэснээр хүний гар орсон санаатай болон санамсаргүй алдааг арилгаж, зардал багатай, орчин үеийн нам болгоно.

-Бид намын дэргэд улс төрийн боловсролын академи байгуулж, булчин төвтэй улс төрийг сөргүүлж, боловсрол төвтэй улс төрийг тунхаглана.

-Бид ахмадуудтайгаа ойр нягт байна. МоАХ-ын болон АСХ, ШДХ, МОХ-ны анхдагчид, ахмад үеэ оролцуулсан зөвлөл байгуулж, хамтран ажиллана.

-Бид дотоод өрсөлдөөнөө дүрэмтэй, соёлтой, ойлгомжтой болгохын сацуу, улс төрийн зардлыг эрс бууруулснаар эмэгтэй лидерүүддээ өргөн боломж нээнэ.

-Бид аймаг, орон нутагт фокусласан кампанит ажлуудыг явуулахын зэрэгцээ гишүүдийн шууд оролцоог хангах мэдээллийн сувгийг нээж орон нутгаа бэхжүүлнэ.

Бидний хувьд эхний том сорилт бол хэзээ мөдгүй эхлэх Ерөнхийлөгчийн сонгууль. Нэг нам парламентын үнэмлэхүй олонхийг бүрдүүлж, хууль шүүхийн байгууллагуудад нөлөөллөө тогтоож эхэлж байгаа энэ цаг үед Ардчилсан Ерөнхийлөгч л ардчиллын баталгаа болох нь эргэлзээгүй.

Дараагийн бидний зорилт бол төрийг данхайлгаж, төсвийн мөнгөөр тоглож, хүний эрхийг уландаа гишгэж, бизнес эрхлэгчдээ дарамталсаар байгаа одоогийн эрх баригчдын дураар аашлалтыг хязгаарлах, улмаар сонгуулийн дараалсан ялалтаар цэг тавих явдал” гэлээ.

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ “Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, хууль ёсны цорын ганц Ардчилсан нам л байгаа. Тэр нь энэ нам. Хууль ёсны намаас Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгатыг бид батламжилсны дараа Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ. Улсын дээд шүүх бүртгэлийн асуудалтай холбоотойгоор бүрдүүлэлт шаардана.  Улсын дээд шүүх дээр бүртгэлийн асуудал яригдах учраас бүрдүүлэлтээ шийдэж ирсэн намыг л бүртгэнэ. М.Тулгат даргадаа амжилт хүсье. Шинэ үе гарч ирсэнд талархалтай хандаж байгаа.

Ардчилсан намыг бусниулах гэсэн хэсэг бүлэг этгээд бий. Энэ намын төлөө явах чин зорилго байгаа бол ялгараад явах байх. Аливаа юманд ёс зүй, хууль дүрмээ дээдэлж ажиллах ёстой” гэсэн юм.

Ардчилсан намын XI ээлжит бус их хурлаас Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгатыг батламжилснаар Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ.

Энэ удаагийн их хуралд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар оролцлоо.

Холбоотой мэдээ

УОК: Иргэдэд санхүүгийн дэмжлэг нэмж үзүүлэхгүй | DAAM.MN

УОК хатуу хөл хориог үргэлжлүүлэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хөл хориог 1

23/04/2021

Сүүлийн дөрвөн хоногт голын болон тогтоол усанд бага насны зургаан хүүхэд живж, амиа алджээ | DAAM.MN

Хаврын цагт гол, мөрөн, нуур цөөрөм гэсэж, шар усны үер бууж тогтоол ус үүсэх энэ цаг үед иргэд усан

23/04/2021

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгалаа | DAAM.MN

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найданги

23/04/2021