
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлсэн гурван шалтгааны нэг нь төр, нийгмийн зүтгэлтэг Г.Батхүү агсны амиа алдсантай холбоотой хэрэг.

Эл хэргийн талаар худал мэдүүлэг өгсөн хэмээн түүнийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа юм.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас Г.Батхүү агсан амиа алдсан хэргийн шалгалтын талаар мэдээлэл хийхдээ “13 секундийн хуурамч бичлэг хийж, Г.Батхүү агсны гэр бүлээс 15 сая төгрөг залилсныг тогтоосон. Энэ хэргийг үйлдсэн Г гэгч этгээдийг баривчилсан” гэсэн юм.
Тэдний мэдэгдлийн дараа Н.Номтойбаярын төрсөн дүү Н.Цэлмүүн цахим хуудсандаа “Бичлэг байхгүй, залилангийн хэрэг удаа дараа үйлдэж байсан “Г” гэгчийн байгаа гэх л худал үг хангалттай байж. Үнэн хэзээд ялна.
Талийгаачийн үр хүүхдүүд миний үеийн л залуучууд, нийгэмдээ олигтой хийсэн зүйл лав харагдсангүй, эцгийнхээ үхлээр олон нийтийн өмнө гарч бусдыг гүтгэх замаар нэр хүндэд гарах гэсэн арчаагүй залуучууд. Манай үеийн төлөөлөл гэхээс ичмээр” гэж нийтлэн, ахыгаа өмөөрчээ.

Хэдийгээр ахыгаа өмөөрөх нь дүүгийн үүрэг, хүний ёсны асуудал ч “Эцгийнхээ үхлээр бусдыг гүтгэх замаар нэр хүндэд гарах гэсэн арчаагүй залуучууд” гэсэн нь олны дургүйцлийг ихэд хүргэжээ. Хүнд юу юунаас илүү эцэг, эх, гэр бүл чухал байлтай.