Ж.Ичинхорлоо: Алуурчин цэргүүд дүүг минь хөнөөгөөд малчин айлд очиж аминдаа хайртай юу гэж сүрдүүлсэн гэсэн | DAAM.MN

23/04/2021 2345

Хоёр цэрэг даргыгаа буудаж хөнөөсөн хэрэг сүүлийн хэдэн өдрийн дуулиануудад дарагдаж, замхрах тийшээ хандав. Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан. Улмаар гурван хоногийн дараа уух усгүй, идэх хоолгүй болсон байхад нь уулын орой дээрээс олсон. Ингэхдээ буун дуу гаргахгүй, эрсдэл гаргахгүй хэмээн аав ээжийг нь Ховд аймгаас авч ирж, урдаас нь явуулж тайвшруулж байж баривчилсан байдаг. Тэдний хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд хэргийг тэнд нь шийдвэрлэх юм.

Даргаа буудсан цэрэг болох байлдагч Х-ийн ар гэрийхэн хүүгээ өмөөрч, “дарамт шахалтаас болж хүний аминд хүрлээ” гэх мэдээллийг олон хэвлэлд өгсөн. Тиймээс бид тэнцвэрт мэдээлэл хүргэх үүднээс харамсалтайгаар амиа алдсан харуулын дарга З.Гэрэлт-Одын төрсөн эгч Ж.Ичинхорлоотой ярилцсанаа хүргэж байна.

-ДАРГЫГАА БУУДАЖ АЛЧХААД, ХИЙСЭН ХООЛЫГ НЬ ИДЧХЭЭД, ХОЛБОО ХЭРЭГСЛЭЭ ЭВДЭЭД ЗУГТСАН БАЙСАН-

-Талийгаачийн ажил явдал болоод арваад хонож байгаа юм байна. Таныг бас хэргийн газар нь очиж үзсэн гэж сонссон. Тухайн үед юу болсон талаар танд тодорхой мэдээлэл байна уу?

-Маш аймаар байсан. Мал нядалгаа хийсэн юм шиг. Дүүг маань гурван удаа буудсан байсан. Баруун гарын шууны ясанд, зүүн талын шуунд, гурав дахь нь хөхний дээгүүр буудсан байсан. Яаж бодохоороо хүнийг тэгж буудаж чадаж байна аа. Арай л дэндүү. Нас барсан газар нь сүү сааль өргөх гээд очсон. Харуулынх нь байр уулын бэлд байгаа юм. Урд талд нь буу шалгадаг газар байна. Тэр буу шалгадаг газрынхаа хажууд буудуулсан байна билээ.

Буудсан хоёр цэрэг нь харуулд гарчхаад бууж ирж байсан юм билээ. Манай талийгаач үлдсэн хоёр цэрэгтэйгээ хоолыг нь хийгээд байж байсан гэсэн. Тэр хоёр гадна ирээд нөгөө хоёр цэрэгтээ “Даргыг дуудаад гаргаад ир” гэж хэлсэн байна билээ. Та хоёр өөрөө холдож байгаарай гэж хэлсэн гэсэн.  Тэгээд талийгаач гараад дөхөөд очиж байтал нь буудчихсан гэсэн. Манай дүүд ямар ч зэвсэг байгаагүй. Хоол хийгээд сууж байсан хүн шүү дээ.

-Талийгаачийг өөрөө буу бариад “ална” гэж хэлээд ирэхээр нь айсандаа буудсан гэж тухайн цэргүүд ар гэрийхэндээ хэлсэн байсан?

-Худлаа ярьж байхгүй юу. Миний дүү хоол хийгэд сууж байсан. Тухайн хоёр цэргийг дуудаж байна гэхээр нь юу ч саналгүй гарч очоод буудуулсан байна билээ. Буудсан хоёр нөхөр хүн алчхаад, хийж байсан хоолыг нь идэж аваад нөгөө хоёр цэргээ дарамталж хамаг холбооны хэрэгслийг нь эвдлүүлээд холбоогүй болгож хаясан байгаа юм. Ингээд талийгаачийн утсаар гэрийнхэн рүүгээ залгаад “би та нартай уулзаж чадахгүй болж байх шиг байна” гэсэн утгатай зүйл ярьсан гэнэ. Тэгээд нөгөө хоёр цэргээ дарамталж, тэнд байсан мотоциклд бензин хий гэсэн байна. Тэр хоёр нь бензин биш ус хийчхээд зугтаасан. Тэгээд тэр хоёр 25 км зайтай газар гүйж очиж, заставынхандаа хэл дуулгасан байна. Яагаад тэгтлээ айж, зугтаж мэдээлэл өгсөн бэ гэхээр тэр алуурчин цэргүүд “Заставынхныг бүгдийг нь очиж ална аа. Шүршинэ” гээд бүр шийдчихсэн ярьж байсан гэж байгаа юм. Манай талийгаачийн сумны сефны түлхүүрийг нь аваад тэндээс нь байлдааны хамаг сумыг нь аваад зугтсан нөхдүүд юм билээ.

-МАЛЧИН АЙЛД ОРООД “АМИНДАА ХАЙРТАЙ БОЛ ХООЛ УНД ХИЙЖ, МАШИНАА ӨГ” ГЭЖ СҮРДҮҮЛСЭН БАЙСАН-

-Замаасаа малчин айлаас мотоцикл дээрэмдсэн гэж байсан. Тэр айлд ямар нэг аюул учруулаагүй байна уу?

-Тэгээд мотоциклын банк руу ус хийчихсэн юм чинь асахгүй болохоор зугтсан байгаа юм. Шөнөжин яваад өглөөгүүр тэр хөгшин настай малчин айлд орсон байна. Тэгээд “Аминдаа хайртай бол идэж уух зүйл хийж өг, машинаа өг” гэж хэлээд сүрдүүлсэн байсан. Хөгшин нь эд нар оргож яваа цэргүүд нь тодорхой байна гэж мэдээд машин эвдэрсэн гэж хэлэхэд тэгвэл мотоциклоо өг гэж хэлээд хоол унд хийлгэж аваад мотоциклийг нь унаад явсан байсан. Тэгээд бензин нь дууссан юм уу унаагаа хаяад уул руу зугтсан хоёр юм билээ. Манай Ховдоос Алтай сум руу явах хүртэл 800 км байдаг. Коронагийн шинжилгээ энэ тэр гэсээр бид тэр хоёрыг бүр барьсаны дараа Алтай суманд очсон.

-Хажууд нь байсан хоёр цэрэг бол юу болсныг нүдээр харсан гэрчүүд юм байна тийм үү?

-Тэр хоёр ёстой жинхэнэ нүдээр харсан гэрч. Ажил явдал дээр нь байж байхад тэнд яригдаж байсан. Зөв бурууг нь сайн мэдэхгүй юм. Тэр хоёр цэрэг тэгж гүйж ирж мэдээ өгөөгүй бол манай заставынхан тэр чигээрээ алуулах байсан гэж тэр заставын хүн ярьж байсан. Тэгэхээр айхтар хүүхдүүд байсан байгаа юм.

-Талийгаачийг буудсан цэргүүд зан ааш, характерын хувьд ямархуу хүүхдүүд байсан юм бол. Сонссон уу?

-Хүнтэй айвуу тайвуу ярьчихдаг тийм хүүхдүүд биш. Яг буудсан Чандмань сумын нөхөр бол яавал ч яачихаар, хэнэггүй нөхөр гэсэн. Нөгөөх нь хүн хаашаа л гэнэ дагаад салбайдаад байдаг хүн байдаг даа. Хүний үгэнд оромтгой хүүхэд байсан гэж хоорондоо ярьцгааж байна билээ.

-МИНИЙ ДҮҮ 11 ЖИЛ ХАРУУЛЫН ДАРГА ХИЙХДЭЭ ХҮНИЙ ХҮҮХДЭД ШАНАА ӨГЧ ҮЗЭЭГҮЙ-

-Талийгаачийн хувьд цэргийн ангид олон жил ажиллаж байсан юм билээ. Цэргүүдээ дэглэдэг, зоддог асуудал гаргаж байсан уу?

-Застав нь ч тэр, хамт ажилладаг хүмүүс нь ч тэр хэлдэг. Миний дүү 11 жил харуулын дарга хийхдээ нэг ч удаа хүний хүүхэд зодож, шанаа өгсөн гэсэн асуудал гарч байгаагүй. Манай дарга нар дотроо хамгийн зөөлөн, цэргүүддээ аав ээж шиг ханддаг байсан гэж байсан. Минй дүү өөрөө өнчин өрөөсөн өссөн учраас хүн дарамтлахаас илүү харин ч өр зөөлөн ханддаг хүүхэд байсан. Минй дүүд ёстой муухай ааш зан байгаагүй. Өөрөө л дээрэлхүүлж байсан байх. Миний дүүг 12-той байхад ээж нас барсан юм. Би ээжийнхээ эгчид өргүүлээд тэнд хүн болсон хүн. Тэгээд ээжийг нас барахад миний өссөн эгч дээр ирж бид хоёр хамт өссөн юм. Ёстой нэг инээгээд тачигнаад явж байдаг цайлган хүүхэд байсан. Хүн уйлж байхад инээлгэдэг. Цэрэгт явахад нь нөхөр бид хоёр хоёулаа гаргаж өгч байлаа. Цэрэгт оччихоод цэргийн амьдрал гоё байна эндээ үллдэг юм бил үү гэхээр нь өөрөө мэд гэж хэлж байсан. Тэгээд үлдэхээр шийдлээ гээд тэр чигээрээ ажилтан нь болоод 11 жил ажилласан. Ёстой цэргийн газраас бүх амьдралаа босгож, эхнэртэй болж, гурван хүүхдийн аав болсон. Дөнгөж 34-хөн настай. Ид хийж бүтээх насандаа ингэж хүний гарт үрэгдлээ.

-Тухайн цэргүүд яагаад тэгж хүн буудах сэдэл төрсөн юм бол. Нөгөө хоёр цэрэг нь энэ талаар юм ярьсан болов уу?

-Тэр хоёр оргоё гэж ярьсан гэсэн. Тэгээд нөгөө хоёрыгоо хамт оргоё гэхэд нөгөө хоёр нь үгүй гэсэн юм шиг байна. Дөрвүүлээ хамт зургаан сар алба хааж байсан цэргүүд. Та хоёрыг яах ч үгүй. Даргыг дуудаад гаргаад ир. Хол байж бай гэсэн гэж байгаа юм.

-Тэгээд даргыгаа дуудахдаа нөгөө хоёр цэрэг нь “таныг буудах гэж байна” гэж яагаад хэлээгүй юм бол?

-Харин хэлээгүй юм уу. Эсвэл хэлвэл ална шүү гэсэн ч юм уу. Дарамталсан ч юм уу. Эсвэл арай ч алчихна гэж бодоогүй юм болов уу. Бүү мэд. Тэр цэргийг миний дүү бараг танихгүй шахам байсан юм билээ. Харуулын дарга нар ээлж ээлжээрээ дөрөв, дөрвөн цэрэг аваад харуулд гардаг юм байна. Миний дүү тухайн бууддаг цэрэгтэй хамт харуулд гараад дөрөв хонож байсан юм билээ.

-Тэгэхээр ганц танай дүүд өш санасан зүйл биш, заставаар нь буудах төлөвлөгөөтэй байжээ?

-Тийм юм шиг байна билээ. Бүгдийг нь ална, буулгана гэж ярьсан гэсэн.

-ДУНД ОХИН НЬ “МИНИЙ ААВ БАЙХГҮЙ БОЛЧИХСОН” ГЭЭД НАМАЙГ ТЭВЭРЧ АВААД УЙЛСАН-

-Талийгаач эхнэр, гурван хүүхэдтэй байсан юм билээ. Гэр бүл нь одоо ямар байдалтай байна вэ?

-Том нь 10, дундах нь 6, бага нь 2 настай. Том нь хүү. Бага хоёр нь охин юм. Эхнэр нь Чандмань сумынх. Тухайн үед хэргийн газарт бас очсон байна билээ. Тэгээд тэндээ ухаан алдаж унаад, маргааш нь бид нарыг очиход танихтай үгүйтэй байсан. Даралт нь ихсээд түргэн дуудаад хэцүүхэн байсан. Дунд охин нь уйлаад “Аниа миний аав байхгүй болчихсон”  гээд намайг ирж тэвэрч аваад ёстой хэцүү. Би ганцхан эгч нь юм шүү дээ.

-Ажил явдалд нь цэргийн анги, Хил хамгаалах ерөнхий газраас хүн очсон уу?

-Цэргийн ангиас нь 30-аад хүн ирж ажилд явдалд нь оролцсон. Машин тэргээрээ тусалсан. Хил хамгаалах ерөнхий газрын хүмүүс биднийг Чандмань суманд очиход хүлээж авч уулзсан.

-Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан. Нөхөн олговор олгох талаар ярьсан уу?

-Ажлаа хийж яваад өнгөрсөн учраас олгогдох ёстой хэмжээгээр нь нөхөн олговор олгоно гэж хэлсэн. Танай талийгаач манай урдаа барьдаг, оюунлаг хүн байсан гэж хэлсэн.

-АЛУУРЧИН ЦЭРГҮҮДИЙН АР ГЭРИЙХЭН ХОЛБОО БАРИХ НЬ БҮҮ ХЭЛ МИНИЙ ДҮҮГ БУРУУТГАСАН БАЙНА-

-Буудсан хоёр цэргийн ар гэрийнхэн та бүхэнтэй холбоо барьсан уу?

-Байхгүй. Холбоо барих нь битгий хэл миний дүүг хороо цэрэг зодож нүддэг байсан, аргагүй байдалд оруулсан гэж алуурчин хүүхдээ өмөөрсөн байна билээ.

-Та бүхэн өмгөөлөгч хөлсөлсөн гэсэн үү?

-Тэгсэн. Ховд аймгаас хөлсөлсөн. Одоо коронавирус гэд хөл хорьчихсон учраас хаашаа ч гарч чадахгүй байна. Хөл хорио дуусахаар ёстой эцсийг нь хүртэл явна. Хүн алж, эх орноосоо урвасан хүмүүст ямар шийтгэл өгдөг юм тэр шийтгэлийг нь өгүүлнэ.

Эх сурвалж: Eguur.mn

Холбоотой мэдээ

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо | DAAM.MN

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн

18/05/2021

Төв талбай дээр өөрийгөө шатаасан иргэний хэргийг хаажээ | DAAM.MN

Хоёрдугаар сарын 8-ны өдөр Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөр дээрээ бензин асгаж, шатаасан хэрэг г

18/05/2021

Шинэ цэргүүдийг дэглэсэн хугацаат цэргийн алба хаагчдад зургаан сар хорих ял оноов | DAAM.MN

Өнгөрсөн хоёрдугаар сард цэргийн алба хаагчид нэгнээ шийтгэн, дээрэлхэж, доромжилж буй бичлэг цахим

18/05/2021