Ажилчдынхаа хувийн амьдралд өөриймсөг хандаач дарга нар аа |DAAM.MN

07/02/2020 686

Гурван сайхан цэцэг шиг үр дэлгэрч, дэлбээлж амжаагүй байхдаа хумигдаж, тэнгэрт дэвшчихлээ. Бодоход л өр өмтрөх юм. Эцэг,  эхийн тэр их зовлон шаналалыг юутай ч зүйрлэхгүй. Хариуцлага хаана хаанаа алдагдсан, хэнэггүйн гай  л энэ байх. Эцэг,  эх, цэцэрлэгийн эрхлэгчийг буруутгах яах вэ, паар нь задарч халуун усанд түлэгдсэн юм бол барилгын компаниудыг шүүмжил гэсэн пост хэд хэдийг уншлаа.

Паар задарна уу, шугам хоолой бөглөрнө үү амьдралд юу эс тохиолдох вэ. Гагцхүү учраа ч мэдэхгүй нялх үрсээ цоожлоод үлдээнэ гэж боддог тэр эцэг,  эхийг буруутгана. Нялх үрсээ хараад гэртээ суугаа эхийг концерт давтуулахаар дуудаж дарамталсан гэх тэр цэцэрлэгийн эрхлэгчийг бүр ч их буруутгана.

Уг нь Коронавирус дэгдсэн энэ ноцтой үед сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдыг амраачихсан байгаа. Баасан гарагт болсон УИХ-ын чуулганы хурлын үеэр Д.Оюунхорол гишүүн “Хичээл сургууль хаачихаад байхад багш, ажилчдыг яах гээд сургууль, цэцэрлэг дээр дуудаад байгаа юм бэ. Хэнд тийм эрх мэдэл байна? гэж асуухад Ё.Баатарбилэг сайд “Багш нарыг ажлын байран дээр ирүүлэх шаардлага байхгүй. Багш нар байгаа байгаа газраасаа сурагчидтайгаа холбо тогтоож ажиллана” гэж хариулсан.

Гэтэл том толгойтой тэр нэг эрхлэгч сайдынхаа тушаал, шийдвэрийг яагаад биелүүлсэнгүй вэ. Хөл хорио тогтоочихоод байхад цэцэрлэгийн 50 жилийн ойн концерт хийхгүй болохоор үхчих гээд байсан юм уу. Сургууль, цэцэрлэг цуглахаар тэрийгээ давтаж болсонгүй юу. Боловсролын яам энэ “том толгойт” хүндээ ямар хариуцлага оноохыг маш анхааралтай харах хэрэгтэй.

Цэцэрлэг, сургуулийн эрхлэгч, захирлууд минь салбарын сайд тань анхааруулсаар байтал ажилчдаа дуудсанаас болж Дарханд ийм харамсалтай хэрэг гарлаа шүү.  Ард нь ямар асуудал байна, үр хүүхдийг нь хэн хардаг вэ гэдгийг нь судалж, өөриймсөг хандаарай даа. Амралт биш хөл хорио тогтоосон гэдгийг ухаараад наад хүмүүсээ ганц сар чих амар амраачих. Угаасаа хичээл сургууль эхлэхээр наад хүмүүс чинь хаваржингаа хагас, бүтэн сайнгүй амралт, чөлөөгүй ажиллуулна гэж дахиад л сайд тань хэлсэн шүү.

Бага насны хүүхэдтэй багш, ажилчид ялангуяа ажил, сургуулиас нь дуудаад, даллаад, дарамтлаад байвал гомдол саналаа холбогдох байгууллагад нь өг. Үр хүүхэд чинь цонхноосоо унаж, халуун усанд түлэгдэж, тог цахилгаанд цохиулж эцэстээ амиа алдвал танай дарга, захирал хариуцлага хүлээх үү. Эцсийн эцэст та л бүхний буруутан болж үлдэнэ шүү.

Одоо хаа хаанаа хариуцлагатай баймаар байна. Мэдээж энэ асуудал зөвхөн сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдад хамаатай биш. Сургууль, цэцэрлэг амарсан энэ үед үр хүүхдээ хаана, хэнд харуулахаа мэдэхгүй байдалд орсон монголчуудад бүгдэд нь хамаатай. Үр хүүхдээ гэрт нь л битгий цоожлоорой. Эцсийн эцэст ажил биш тэд л бидний амьдралын зорилго юм шүү дээ. Томчуудын тэнэглэлийн золиос бяцхан үрс минь байх ёсгүй. Цаашид ийм зовлон хэнд ч бүү тохиолдоосой.

Холбоотой мэдээ

С.Бат-Эрдэнэ: 29 дүгээр сургуулийн Н.Оюунсувд захирал авлигын хэрэгт холбогдсон ч яагаад буцаад ирснийг мэдэхгүй | DAAM.MN

Сонсголын Бэрхшээлтэй Хүүхдийн 29-р тусгай сургуулийн захирал ажилчдаа хууль бусаар халж байгаа тала

18/05/2022

Зам тээврийн ноцтой осол гарч хоёр иргэн газар нээрээ нас баржээ | DAAM.MN

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ноцтой зам тээврийн осол гарлаа. Тодруулж хэлбэл, тус дүүргийн 23-р

18/05/2022

Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлийн дэмжлэг хүсэж байна | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, төмс, хүнсний ногоо тар

18/05/2022