• 2020-03-29
  • 2775.43 USD

Барьцаа шаардахгүй бэлэн мөнгө зээлдэг АТМ-д иргэд хошуурч байна|Daam.mn

09/02/2020 206 0

Монгол Улсад барьцаа хөрөнгөгүйгээр бэлэн мөнгөний зээл олгодог АТМ ажиллаж эхлээд долоон сар өнгөрчээ. Энэ хугацаанд тус АТМ-ны салбар Улаанбаатар хотод зургаа, Эрдэнэт хотод нэг, Булган аймагт нэг, мөн Дархан-Уул аймагт нэг болж өргөжив. Зөвхөн хурууны хээ, иргэний үнэмлэхээ уншуулаад л 10 000-300 000 төгрөгний зээлийг минут хүрэхгүй хугацаанд авч болдог нь эрхгүй сонирхол татна.

“T-Mat” хэмээх нэртэй тус үйлчилгээ иргэдийн тодорхой хэсэгт хэдийнэ танил болоод буй. Яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан үедээ ойролцоо байх салбарын “T-Mat”-ыг зорьж асуудлаа шийддэг хүмүүс нэг мэдэхэд л бий болчихож. Иймд үйлчлүүлэгчдийн эрэлтийг тус АТМ үйлчилгээний хууль эрх зүйн байдлын хамт сурвалжиллаа.

T-MAT”-ЫН ӨМНӨ ИРГЭД ОВООРЧЭЭ

Биднийг нэгдүгээр сарын 5-ны өдөр, оройн 17.00 цаг орчимд “Төгөлдөр Төв” болон “Өргөө-2” кино театрын нэг давхарт байрлах салбар дээр ирэхэд ийм байв. Барьцаагүй зээл олгодог гэх АТМ-ны өмнө иргэд “овоорчээ”.

Гэхдээ тэд үйлчлүүлж дадсан нь илт. Залуус эргэлзэх зүйлгүй мэдрэгч дэлгэцтэй нь харьцаж, тун хурдан хугацаанд зээлсэн мөнгөө халааслаад дараачийн хүндээ зай тавьж өгч байлаа.

“T-Mat”-аас зээл аваад гарч буй 25 эргэм насны эрэгтэйгээс тодруулга авахад,

“Ер нь мөнгөний хэрэгцээ гарсан үед их тус болдог АТМ байгаа юм. Миний хувьд мэддэг болоод нэлээд удаж байна. Хамгийн дээд талдаа 21 хоногийн хугацаатай зээлж болдог. Хүү нь жаахан өндөр ч яаралтай шаардлагатай үед, амьжиргаа залгуулахад нэмэртэй” гэв.

Иргэдийн хувьд ямар нэг барьцаа шаарддаггүй, нөгөөтээгүүр түргэн шуурхай үйлчилдэг нь давуу тал болдог аж.

Тус АТМ-ны иргэдэд зээл олгох механизмыг мэдээллийн ажилтантай нь холбогдож тодруулахад,

Үйлчлүүлэгч хамгийн эхэнд иргэний үнэмлэхээ банкны картын адил АТМ руу шургуулна. Хувийн мэдээлэл танигдсаны дараа зээлэх мөнгөн дүнгээ сонгоно. Үүний дараа эргүүлэн төлөх хугацаагаа тохируулах юм байна. Ингээд хурууны хээгээ уншуулж, холбогдох утасны дугаараа оруулж баталгаажуулна. Эцэст нь 30 секундийн дотор зээлсэн мөнгөө бэлнээр авна.

Анхлан зээлдэгчдийн тухайд, Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн бол 50 мянга, төлдөггүй бол 10 мянган төгрөг зээлэх лимиттэй аж. Цаашид зээлээ тогтмол эргүүлэн төлөх хэрээр зээлж болох мөнгөн дүнгийн лимит нь өсдөг гэнэ.

Нөгөөтээгүүр авсан зээлийг хамгийн ихдээ 21 хоногт төлөх боломжтой юм байна. 10 хоногоор зээлбэл, зээлийн хүү 10 хувь. Цаашлаад 14 хоног бол 20 хувь, 21 хоног бол 30 хувийн хүү бодогдох аж.

Иймд 50 мянган төгрөг зээлсэн иргэн 10 хоногийн дараа 55 мянга, 14 хоногийн дараа 60 мянга, 21 хоногийн дараа 65 мянган төгрөг болгож төлөх болж байна.

ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ХУВЬД “НО”-ТОЙ ЗҮЙЛС НЬ ЮУ ВЭ

Хэрэв иргэн тус АТМ-аас зээлсэн мөнгөө заагдсан хугацаанд эргүүлэн төлөхгүй бол тооцох хариуцлагын арга хэмжээ нь бүрхэг санагдав. Мэдээллийн ажилтны хэлж буйгаар, ийм зүйл тохиолдвол тухайн иргэний “Зээл төлөөгүй” гэх мэдээлэл Монгол Банканд очдог гэнэ. Ингэснээр хуулийн хүрээнд дахиж ямар нэг байгууллагаас зээл, лизинг хөөцөлдөхөд хүндрэлтэй нөхцөлд орох юм.

Үүнээс гадна “T-Mat” АТМ-д хууль эрхзүйн хүрээнд “НО” дагуулж буй хоёр зүйл байна.

НЭГТ. Тус байгууллага “Хариуцлагатай хязгаарлагдмал компани” (ХХК) гэсэн тодотголтой.

Уг нь “Банк бус санхүүгийн байгууллага” (ББСБ) зээлийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй байдаг. “Lend.mn” л гэхэд “Ленд Мн ББСБ ХК” гэсэн байгууллагын нэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Харин “T-Mat” ATM-ийг “Монэкс Финанс” ХХК-аас эрхлэн гаргадаг.

ХОЁРТ. Санхүүгийн зохицуулах хороо энэ талаар юу ч мэдэхгүй байна.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ийм төрлийн зээлийн үйлчилгээ үзүүлэх ББСБ, ХЗХ, Үнэт цаасны газар тэргүүтэй байгууллагууд Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авах учиртай байдаг. Бид тус хорооны хэвлэлийн ажилтан н.Пүрэвсүрэнгээс тодруулахад, “Ийм нэртэй компани манайд ямар ч бүртгэлгүй байна” гэсэн хариуг өгсөн юм.

Мөн биднийг Монгол Банкны Хяналт, зохицуулалтын хэлтэстэй холбогдож лавлахад, “ХХК байгууллага зээлийн үйлчилгээ үзүүлэх эрхзүйн боломж байхгүй. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй, зөвшөөрөл авсан байх хэрэгтэй” гэж байв.

Иймд “Монэкс Финанс” ХХК-ын эрх бүхий албан хаагчтай холбогдож, энэ талаар тодруулбал “Би сайн мэдэхгүй байна. Захирал маань одоогийн байдлаар гадаадад байгаа. Хууль ёсны зөвшөөрөлтэйгөөр бид үйл ажиллагаа явуулдаг” гэсэн тайлбарыг өгсөн юм.

“ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМД ЭНЭ НЬ ТИЙМ Ч БАЙЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ БИШ”

Тус байгууллагын үйл ажиллагааны талаар Эдийн засгийн мэргэжилтнүүдийн байр суурийг сонслоо.

Тэдний хувьд, “Чөлөөт зах зээлийн нийгэмд хүн өөрийн мөнгөө бусдад барьцаатай, барьцаагүй ямар хэлбэрээр зээлдүүлэх нь сайн дурын асуудал. Бас тогтоож өгсөн хүүгийн хэмжээг хүлээн зөвшөөрч, тодорхой гэрээ контрактыг харилцан биелүүлж үйлдэж буй нөхцөлд энэ хууль бус биш” гэв.

Өндөр хөгжилтэй орнуудад “T-Mat” шиг бэлэн мөнгөний зээл олгодог АТМ-ууд олон бий. Энэ нь нэг талаар манайд нутагшиж буй шинэ тутам соёл ч байж болох.

ЭХ СУРВАЛЖ: Eguur.mn


Холбоотой мэдээ

Бэлчээрт худаг барина гэж тендерт ялсан компаниуд худаг барилгүй мөнгө завшжээ | ДААМ.МН

Төрөөс мал аж ахуйн салбараа дэмжих бодлогын хүрээнд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоо

27/03/2020

Зохиомол дампуурлаар хөлжигсөд ба хуулийн тогтолцоо | ДААМ.МН

Монголчууд Анод болон Капитал банкны дампуурлыг хамгийн сайн мэднэ. Гэхдээ эдгээр банкуудын дампу

26/03/2020

ОХУ олон улсын бүх нислэгээ маргаашаас эхлэн зогсооно | ДААМ.МН

ОХУ-ын засгийн газар тус улсаас гарах болон орох бүх олон улсын нислэгийг зогсоох шийдвэр гаргажээ.

26/03/2020