Наадмын тухай хуулийн бөхийн шинэ заалтууд маргаан дагуулав | DAAM.MN

18/05/2021 144

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үндэсний бөхтэй хамааралтай онцлох нэмэлт, өөрчлөлтүүдийг танилцуулж байна. Монголын үндэсний бөхийн холбоо, бөхчүүд, бөхийн зүтгэлтэн болон бөх сонирхогчдын зүгээс гаргасан энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж, эцэслэн батална.


2 дугаар зүйл. Үндэсний их баяр наадам

  • 2.3. Үндэсний их баяр наадмын улс, аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд тэмдэглэнэ.

Одоогийн шинэчлэгдээгүй хуулиндаа “Тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тус тус тогтоож болно” хэмээн заасан байдаг. Харин наадамчин олны дунд шинээр дэвшүүлсэн 2.3 гэсэн заалтыг буруу гэж цөөнгүй хэсэг нь үзэж байна. Учир нь сум, аймгийн наадмууд улсын баяр наадамтай давхцах нь хөдөө орон нутгийн наадмуудын цар хүрээ, үнэлэмжийг бууруулна гэжээ.

6 дугаар зүйл. Бөх, хурдан морь, сурын харвааны цол, чимэг

  • 6.1. Баяр наадам зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачдад үндэсний спортын төрлөөр улсын цолны батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч, аймгийн цолны батламжийг аймгийн Засаг дарга тус тус олгоно.
  • 6.2. Наадмын допингийн шинжилгээний хариу ирсэний дараа цолыг олгоно.

Одоогийн шинэчлэгдээгүй хуулиндаа “Баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, аймаг, сумын цолыг аймаг, сумын Засаг дарга тус тус олгоно” гэж заасан байдаг.

Сүүлийн хоёр жилийн улсын баяр наадмаар улсын цол хүртсэн бөхчүүдээс допинг илэрч, өдийг хүртэл цолыг нь хурааж чадалгүй л явна. Өчигдөр/2021.05.18/ Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан “2019 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах, түүнд өвдөг шороодсон улсын аварга Н.Батсуурьт даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад (тухайн үеийн цолоор) начин цол олгох” саналыг хүргүүлсэн. Үүний дараахан бөх сонирхогчдын зүгээс 2020 оны улсын баяр наадмаар допинг илэрсэн бөхчүүдийн цолыг хураах талаар яагаад ярихгүй байгаа юм бэ? гэж шаардсан. Энэ талаар Ц.Магалжав “2020 оны бөхийн салбар хорооны 11 сараар эрх хасах, цол хураах санал Ерөнхийлөгчид очоогүй байгаа. Наадмын зохион байгуулах хороонд очсон, тэд Covid-19-ээс шалтгаалж хуралдаагүй байгаа бөгөөд зургаан хоногийн өмнө наадмын тоглолтын найруулагч хэн байхыг л хэлэлцсэн гэсэн” хэмээжээ.

Дээрх асуудлаас харахад цол хүртсэн бөхчүүдэд цолыг нь бус цолны батламж олгох нь хамгийн зөв зүйтэй шийдвэр аж. Нэгэнт зарлиг гаргаад цол олгочихдог. Гэвч харамсалтай нь, цол хүртсэн бөхөөс нь допинг илрээд дараа нь цолыг нь хурааж чадалгүй нэхэл дагал болох гэж хэцүү юм. Тэгэхээр шинээр дэвшүүсэн 6.1 болон 6.2 гэсэн заалтууд цаг үеэ олсон санаанууд ажээ.

Мөн аймгийн наадмуудын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допингийн шинжилгээ авах заалтыг нэмжээ. Сүүлийн жилүүдэд аймгийн наадмуудад барилдаж буй бөхчүүдийн дунд допингийн хэрэглээ гаарсан гэж бөх сонирхогчид ярьдаг. Тэгвэл энэ удаагийн хуулийн өөрчлөлт, шинэчлэлтээр аймгийн наадмын түрүү, үзүүрийн бөхөөс допингийн шинжилгээ авна гэсэн цоо шинэ заалтыг тусгаж өгөхөөр саналаа дэвшүүлжээ.

7 дугаар зүйл. Үндэсний бөхийн барилдаан

  • 7.2.12. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлсэн улсын арслан цолтон 9 давж үзүүрлэвэл улсын аварга;
  • 7.2.13. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлсэн улсын арслан цолтон 10 давж түрүүлвэл улсын даян аварга;
  • 7.2.14. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын аварга цолтон 9 давж үзүүрлэвэл улсын даян аварга;
  • 7.2.15. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын аварга цолтон 10 давж түрүүлвэл улсын дархан аварга цол олгоно.
  • 7.4. Аймгийн баяр наадмын 10 жил тутам тохиох тэгш ойд 256 бөх барилдаж 5 давсан бөхөд аймгийн начин, 6 давсан бөхөд аймгийн харцага, 7 давсан бөхөд аймгийн заан, 8 давсан бөхөд аймгийн арслан цол олгоно.
  • 7.4.1. Аймгийн баяр наадмын тэгш ой тохиогоогүй жилүүдэд 128 бөх барилдах бөгөөд 5 давсан бөхөд аймгийн начин, 6 давж үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, 7 давж түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.
  • 7.5. Сумын баяр наадамд 10 жил тутам тохиох тэгш ойд 128 бөх барилдах бөгөөд 5 давсан бөхөд сумын начин, 6 давсан бөхөд сумын харцага, 7 давсан бөхөд сумын заан цол олгоно.
  • 7.5.1. Сумын баяр наадмын тэгш ой тохиогоогүй жилүүдэд 64 бөх барилдах бөгөөд 5 давж үзүүрлэсэн бөхөд сумын начин, 6 давж түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.
  • 7.6. Аймаг, сумын баяр наадамд барилдах бөхчүүдийг бүртгэхдээ яс үндэс, харъяалал, төрсөн болон оршин суух хаягаар ялгаварлахыг хориглоно.
  • 7.9. Энэ хуулийн 7.8-д заасан цол амжилтаар эрэмбэлэх заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй.
  • 7.9.1. Зөвхөн улсын аварга, даян аварга цолтонуудыг эрэмбэлэхдээ цол хүртсэн он дарааллаар нь эрэмбэлнэ.

Дээрх 7-р зүйл заалтууд хамгийн их маргаан дагуулж байна. 7.2.14 дээр 1024 бөх барилдсан тохиолдолд үзүүрлэсэн аварга цолтонд улсын даян аварга цол олгоно гэдгийг бөх сонирхогчид эсэргүүцсэн хандлагатай байна. “Яахаараа үзүүрлэсэн аварга даян аварга цол хүртдэг юм бэ? Даян аварга цолыг чинь түрүүлсэн тохиолдол хүртдэг юм” гэв.

Үүнээс гадна аймаг, сумдын наадмаар цол олгох тухай 7.4, 7.4.1, 7.5, 7.5.1 гэсэн заалтууд олны анхаарлыг татлаа. Тэгш ой гэх нэрийдлээр аймаг, сумдын цолны үнэлэмжийг бууруулсан заалтууд гэж олонхи үзэж байна. Жишээлбэл, 256 бөх барилдсан тэгш ойн аймгийн наадмаар зургаа давсан бөх аймгийн харцага цол хүртэж байхад тэгш ой тохиогоогүй аймгийн наадмаар зургаа давсан бөх аймгийн заан цол хүртэж байгаа нь зөв биш ажээ.

Хуульчилж заасан хамгийн нүдээ олсон заалт нь 7.6 гэнэ. Учир нь, аймаг сумдын наадмын үеэр нутгарах үзэл утгаа алддаг аж. Өөр аймаг, сумдаас цол горьдсон бөхчүүд ирэхэд наадамдаа барилдуулахгүй гэсэн тохиолдол цөөнгүй удаа гарч байжээ.

14 дүгээр зүйл.Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага

14.3. Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасч, бүх төрлийн барилдаанд барилдах эрхийг 4 жилээр хасна. Түүнд унасан бөхөд цол, чимгийг нөхөж олгоно.

Мөн л ололт болон алдаатай заалт болсон гэнэ. Нэг талаараа допингийн тал дээр хатуу хариуцлага тооцож, дөрвөн жилээр барилдах эрхийг хасах нь зөв. Гэвч “Түүнд унасан бөхөд цол, чимгийг нөхөж олгоно” гэдэг хэсэг нь учир дутагдалтай. Тэгэхээр дөрөв давсан бөхийг мөн адил допингийн шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Магад, допингтой дөрөв давсан бөх азаар допингтой бөхөд унасан гэх шалтгаанаар улсын цол хүртэж болзошгүй. Мөн унасан бөх цол нөхөн хүртэнэ гэдгийг ч эсэргүүцсэн бөх сонирхогчид их бий. Тэд цолыг унаж бус давж авдаг юм гэсэн байр суурьтай байна.

Баяр наадмын тухай хуулиас гадна Монгол үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөл хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Цэцдийн зөвлөлийн шийдвэр:

-Барилдааны дүрмээс “Барьц сонгох” заалтыг хаслаа. Энэ заалт дүрэм батлагдсан өдрөөс мөрдөгдөнө. Барьц сонгох заалтыг хассан тул хоёр бөхийн давах шийдлийн хамгийн зөв хувилбаруудыг судалж, ээлжит бус Их Эе хурлаас өмнө барилдааны дүрэмд оруулах ажлын хэсэг байгууллаа.

-Барилдааны дүрэмд камераар шүүх заалт оруулав.

Барьц сонгох заалтыг хассан Цэцдийн зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа мөн дэмжиж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий. Нэг хэсэг нь барьц сонгох асуудлыг хассанаар уран мэх, зоримог барилдаан олширч, жин багатай бөхчүүдэд тэгш боломж олголоо гэж харж байна. Тэгвэл эсрэг талд нь барилдаан сунжирч, утгаа алдана гэдгийг сануулж байна. Харин энэ асуудлыг шийдэхээр улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Н.Бүрэнбаатар нар ажиллах ажээ.

Харин маргаантай барилдааныг камераар шүүнэ гэсэн заалт олонд таалагдаж байна. Ер нь жил жилийн наадмаар будлиан дагуулсан, хэн нь унасан, хэн нь давсан бэ гэдэг барилдаанууд гардаг. Тэгвэл одоо энэ асуудал цэгцэрч байна.

Барилдааны дүрэмд допингийн хариуцлагыг дараах байдлаар өөрчлөн оруулав. Үүнд:

  • а. МҮБХ-ноос барилдааны үеийн явцын шинжилгээ авна.
  • б. МҮБХ өөрийн зохион байгуулсан болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулалцсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл найм ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасна.
  • в. Хэрэв эрх хассан хугацаанд ямар нэгэн барилдаанд барилдвал тэр хугацаанаас шийтгэлийн хугацааг дахин үргэлжлүүлэн тооцно.
  • г. Допингийн шинжилгээ авах, хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулна.

Улсын их баяр наадмаас гадна Монголын үндэсний бөхийн холбоо болон төр байгууллагуудтай хамтран зохион байгуулалцсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оногдуулах аж. Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөх дахиж бүдэрвэл найм ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасна. Үндэсний бөхийн холбоо допингийн эсрэг асуудалтай хатуу тэмцэхээр ханцуй шамлан оржээ. Мөн шинжилгээний сорьц цуглуулах ажил асуудал дагуулдаг учир бөхийн дэвжээдийг ч татан оролцуулах аж.

Холбоотой мэдээ

Р.Булгамаа: Өндөр настанг хүлээж аваад уулзчих сэтгэлтэй хүн Төрийн ордонд алга уу | DAAM.MN

Өндөр настанг хүлээж аваад уулзчих сэтгэлтэй хүн Төрийн ордонд байна уу Төрийн ордоны баруун талы

22/06/2021

Б.Энхбаяр: Ковидийг зарим дарга нар авилга, албан тушаалаа ахиулах, баяжих сэдэл, дадалтай болж | DAAM.MN

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цар тахлын тухай хуульд нэмэлт, өөрчлөл

22/06/2021

С.Энхболд: Өмнө нь нэг хүний тариф дөрвөн сая байсан бол шинэчлэгдсэн тарифаар 7.7 сая болсон | DAAM.MN

Бид ковидын үеийн эмчилгээний эмүүдийг Эрүүл мэндийн даатгалын санд багтаах хөнгөлөлтийг эдлэх болом

22/06/2021