
УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр хаалаа. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг хаахаас өмнө холбогдох үүрэг даалгаврыг өглөө.
Тэрээр, “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, мөн мэдээлэл сонсч, хилийн хязгаарлалт тогтоох талаар зөвлөмж гаргасан. Засгийн газар хуралдаж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. УИХ бас хэлэлцлээ. Өвчин зовлон бол улстөржих сэдэв биш. Монголчуудын төдийгүй хүн төрөлхтөний өмнө тулгарсан сорилт болж байна. УИХ-ын гишүүдийн саналыг холбогдох албаны хүмүүс анхаарч ажиллах шаардлагатай. Эмийн сангуудад хомсдол үүсээд байгаа гар ариутгагч, амны хаалтыг хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай. Нийслэлийн худалдаа, үйлчилгээний газруудад амны хаалт, гар ариутгагч худалдах, татвараас чөлөөлөх шаардлагатай. Улсын нөөцөд амны хаалт байхгүй байгаа нь шалгалтад унаж байгаа хэрэг шүү. ДЭМБ-ын хэлж байгаагаар өвчний оргил үед дөрөв, тавдугаар сард болно. Өвчин мутацид орж байна. Геометр прогрессоор нэмэгдээд байгаа учраас эрсдэл урд байгаа гэж бодож анхаарч ажиллах шаардлагатай” гэв.
УИХ-ын намрын чуулган бүхий л үзүүлэлтээрээ үр дүнтэй, ачаалалтай ажилласныг спикер онцлов. УИХ нийт 154 хууль, УИХ-ын 51 тогтоол хэлэлцэж баталсан гэв.