• 2020-04-08
  • 2781.09 USD

21.4 тэрбум төгрөг төсөвлөөд ч есөн жилд барьж чадаагүй спорт цогцолбор|ДААМ.МН

20/02/2020 90 0

Дархан хотын 50 жилийн ой 2011 онд тохиож байв. Ойг угтаж тус аймгийн удирдлагууд Спорт цогцолбор байгуулна гэж баахан шоудсан. Харамсалтай нь, дарханчууд төдийгүй спортынхон энэ мэдээг шоу төдий гэдгийг мэдэлгүй, бөөн хөл хөөр болон баярласан юм даг. “Нэмбар” компанийнхан Спорт цогцолборын барилгын ажлыг 2011 оны зургадугаар сарын 30-нд эхэлж,  2012 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр дуусган, хүлээлгэж өгөхөөр анх гэрээг үзэглэсэн байдаг. Ийн Эрүүл мэндийн яамны зарласан 11.6 тэрбум төгрөгөөр Спорт цогцолбор барих тендерт шалгарсан “Химон констракшн”,  “Нэмбар” компанийнхан 2011 оны долдугаар сарын 6-нд барилгын улаан шугамыг татан, сүр дуулиантайгаар шав тавьж байлаа.  Гэтэл тэд амласан хугацаандаа багтааж барилгаа дуусгаж чадалгүй 2012 оныг үдэв. 2012 оны сонгуулиар засаг солигдсон нь тус барилгын ажлыг гүйцэтгэгч  “Нэмбар” компанийнханд том далим болох нь тэр. Тэд  луу унжиж Спорт цогцолборыг босгоход 11.6 тэрбум төгрөг хүрэлцэхгүй байна. “Төсөвт өртгийг 1.9 дахин нэмэгдүүлж, 21.4 тэрбум төгрөг болгохгүй бол бид барихгүй” гээд гэдийчихэв. Харин Шинэчлэлийн Засгийн газар спорт цогцолборын барилгыг гэрээ  анх байгуулсан 11.6 тэрбум төгрөгөөр барьж дуусгах боломжтой гэдгийг сануулан, нэмэлт хөрөнгө оруулалт хийх боломжгүй гэдгийг мэдэгдсэн нь тус барилгын ажлыг зогсоох шалтаг болгосон юм.

Оросуудын тусламжаар Улаанбаатар хотын Х хороололд боссон Спорт цогцолборын барилгыг зураг, төслийн гүйцэтгэл, санхүүжилт байхгүй гэж балгас болгон, нураасан гашуун түүхийг давтахгүй юм сан.

“Нэмбар” компани Спорт цогцолборын барилгын ажлыг анх 2011 онд 380 сая төгрөгөөр эхлүүлсэн байдаг. Дараа нь ССАЖЯ-аас нэмэлт гэрээ хийж, 2013 оны гуравдугаар сарын 25-ны өдөр эхэлж, 2013 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр бүрэн ашиглалтад өгнө гэж барилгын нийт өртгийг 11.4 тэрбум төгрөг  гэрээндээ тусгасан байдаг. Тус компанид 2011-2014 оны хооронд  тухайн үеийн ЭМЯ-наас гэрээний дагуу санхүүжилтыг улсын төсөвт суулгасан өгчээ. Хамгийн 2014 онд улсын төсвөөс 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, барилгын ажлынхаа 60 хувийг гүйцэтгэж амжсан чаджээ. Ямар ч тэнэг хүн спорт цогцолборын  60 хувийг хоёр тэрбум төгрөгөөр босгож байгаа юм чинь үлдсэн 40 хувийг нь  есөн тэрбум төгрөгт багтааж, бүрэн гүйцэтгэх боломжтой гэдгийг ойлгоно. Харин “Нэмбар” компанийнхан 2014-2015 онд барилгын ажлыг түр зогсоосноо Н.Алтанхуягийн Засгийн газрын буруу шийдвэр гаргасантай холбоотойгоор  “царцсан” гэж улс төржсөн тайлбар хийсэн байдаг. Гэтэл ЭМЯ-наас Спорт цогцолборыг үргэлжлүүлэн гүйцэтгэх гэрээний хугацааг шинэчлэн, 2015 оны гуравдугаар сарын 23 болгон сунгаж, 2016 оны арванхоёрдугаар сарын 30-нд ашиглалтад оруулахаар заажээ. Ингэж удаа дараа ашиглалтад орох хугацааг сунгаад ч спорт цогцолборыг барьж дуусгаж чадахгүй өдийг хүрлээ. Хамгийн сүүлд буюу 2017 оны зургадугаар сарын 7-нд БСШУСЯ-наас Спорт цогцолборын  ашиглалтад орох хугацааг дахин сунгах гэрээ хийжээ. Ингэхдээ 2019 оны арваннэгдүгээр сарын 30-нд барилгыг бүрэн дуусгаж, хүлээлгэн өгнө хэмээн гарын үсэг зуралцан, баталгаажуулсан байдаг. Тус шинэчилсэн гэрээнд Спорт цогцолборын нийт  өртөгийг  21.4 тэрбум болгож тусгасан байх юм. Ийнхүү “Нэмбар” компани нь их, багаар цувуулан 14.9 тэрбум төгрөгийн санхүүжилтыг бараг бүрэн авчихаад байгаа аж. Зөвхөн 2018 оны улсын төсвөөс л гэхэд 4.7 тэрбум төгрөг авчээ. Гэтэл өнөөг хүртэл Спорт цогцолбор ашиглалтад ороогүй хэвээр. Анх тус Спорт цогцолборыг барих шийдвэр гарахад 10 настай байсан Дархан-Уулын аймгийн хүүхдүүд өнөөдөр их сургуулийн оюутан болчихсон явна. Гэтэл барилга ашиглалтад ороогүй л байна. Төсвийг хэтрүүлж,  барилгын ашиглалтад орох хугацааг сунжруулсан буруутан өнөөдөр олдохгүй байна. 

Дархан-Уул аймгийн МАН-ынхан 2016 онд УИХ, орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө гацаанд орж, барилгын ажил нь зогссон спорт цогцолборын санхүүжилтыг бүрэн шийдэж, 2019 онд ашиглалтад оруулна гэж тусган, Дарханы иргэдийг сэнхрүүлэн, бүх шатны сонгуульд ялалт байгуулсан байдаг. Гэтэл өнөөдөр есөн жилийн нүүр үзэж буй тус барилгын гүйцэтгэл ердөө 80 хувьтай явна. Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас тус барилгын ажилд хяналт тавин ажиллаж байгаа гэдэг ч ашиглалтад орох хугацааг нь наашлуулж чадахгүй байгаа юм. Магадгүй энэ жилийн сонгуулиар “АН-ынхан Засгийн эрх барьж байсан үед зогсоосон барилгыг МАН-ынхан бид  үргэлжлүүлэн гүйцэтгэж, Дарханы хүүхэд, залуучуудыг томоохон спорт цогцолбортой болгох гэж байна” гээд дахин сонгуулийн шоу хийж,  дарханчуудыг “хошгируулах” гээд байгаа бололтой. Энэхүү спорт цогцолбор нь нийт 20 мянган ам метр талбайтай бөгөөд “А” блок 4188 ам метр, 2200 хүний суудалтай спорт заалтай. Харин “Б” блок нь 240 хүний суудалтай, олон улсын стандартад нийцсэн таван зам бүхий 25 метр урт усан бассейн, тамирчдын өрөө, хувцас солих өрөөтэй байхаас гадна бүх төрлийн спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимуудтай байх аж. Мөн тамирчдад зориулсан  зоогийн газар, хурлын танхимтай. Түүнчлэн 250 хүнийг хүлээн авах багтаамж бүхий ресторан, 60 хүний суудалтай кафе, 120 хүн хүлээн авах хүчин чадалтай есөн давхар зочид буудал, туслах заал,  хурлын заал бүхий таван хэсэгтэй байхаар төлөвлөсөн барилга юм. Төсөвт өртөгийг нэмэгдүүлэн, олон жил улсын төсөвт дарамт, чирэгдэл болж буй “Нэмбар” компани 21.4 тэрбум төгрөгийнхөө захиран зарцуулалтыг шингээх үүднээс барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулж, ашиглалтад орох хугацааг сунжруулсаар байна уу гэх хардлага төрнө. Хэрэв анх төлөвлөсөн  зураг төслийнхөө дагуу барьж чадсан бол улсын болон олон улс, тив, дэлхийн чанартай спортын бүх төрлийн тэмцээнийг Дарханд зохион байгуулах бүрэн боломж нээгдэх байсан юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 оны зургадугаар сард тус барилгын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж,  тулгарч  буй бэрхшээлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон. Энэ үеэр Спорт цогцолборын барилгын дотоод угсралтын зураг төсөл бэлэн болоогүй, дээврийн хучилтын зураг төслийг өөрчлөн, шинээр гүйцэтгэсэн, зарим нэг өрөө, тасалгааны зургийг оффис өрөө болгон өөрчлөх болсон нь ашиглалтад орох хугацааг сунжруулж байгаа гэдгийг мэдэгдэж байлаа. Тус цогцолборын ажлыг хурдасгах үүднээс Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай хэлэлцүүлэг хүртэл хийсэн удаатай. Энэхүү уулзалтад Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Ерөнхий эдийн засагч Б.Батсүх, БСШУСЯ-ны мэргэжилтэн Б.Баасанхүү, Барилгын хөгжлийн төвийн, Барилга байгууламжийн захиалга хариуцсан хэлтсийн дарга Э.Мөнхсүх, Барилга байгууламжийн захиалга, техник , материалын хэлтсийн мэргэжилтэн Б.Баянбаатар,  Спорт цогцолборын  гүйцэтгэгч “Нэмбар” компанийн захирал О.Нэмэхбаяр, инженер О.Нэмэхбаатар, зураг төслийг зохиогч “Идеал” группийн захирал Д.Мижигсүрэн, архитектор Д.Эрдэнэбаяр, Газрын харилцаа, хот байгуулалтын хөгжлийн бодлогын газрын барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Ундрах нар оролцсон ч 2019 онд спорт цогцолборыг ашиглалтад өгч чадаагүй. Гэтэл тэр үед “Нэмбар” компанийн инженер Э.Энхцацрал 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж өгвөл 2019 онд ашиглалтад өгөх боломжтой гэж мэдэгдэж байсан нь бий.
Олон жил  дуншиж байгаа барилгын ажилд анх төсөвт тусгагдаагүй ажил нэмэгдэж, санхүүжилт өссөөр байгаа. “Нэмбар” компанийнхан харин “Гадна инженерийн шугам сүлжээ, өндөршилт, зам талбайн тохижилт,  гэрэлтүүлэг, дэд өртөөний барилга, зочид буудал, рестораны цахилгаан шат, бассейн төлөвлөлт, агаар сэлгэлт, хөргөлтийн төхөөрөмж гэх мэт шинээр 10 гаруй ажлыг нэмж гүйцэтгэсэн” гээд байгаа аж. 

БСШУСЯ-наас шийдвэр гарч, салхивчийн ажилд үүссэн асуудлыг гүйцэтгэгч зургийн автортай хамтран ажиллаж, гарц шийдлийг боловсруулан захиалагч болон Барилгын хөгжлийн төвд танилцуулсан байдаг. Мөн ерөнхий төлөвлөгөө интерьер, экстерьерийн асуудлын хувьд захиалагч талаас комисс байгуулж, Дархан-Уул аймгийн удирдлагуудад албан бичиг хүргүүлж байжээ. Энэ бүхнээс харахад аливаа том бүтээн байгуулалт хийхэд алс хэтийн хөгжлийг бодолцон тов тодорхой төлөвлөлт, хариуцлага, сахилга бат байхгүй болжээ. Улсын төсвөөр гүйцэтгэж байгаа томоохон төслүүдийг энэ мэтээр шантааж хийж, мөнгө угаах хэрэгсэл болгоод байгааг анхаарах цаг болжээ.  

Оросуудын тусламжаар Улаанбаатар хотын Х хороололд боссон Спорт цогцолборын барилгыг зураг, төслийн гүйцэтгэл, санхүүжилт байхгүй гэж балгас болгон, нураасан гашуун түүхийг давтахгүй юм сан. Улсын төсвийн хөрөнгө гэдэг ёроолгүй сав биш. Иргэд бидний татварын хуримтлалаар үүссэн мөнгө. Намын нөхдийн найрлаж суудаг баярын бялуу, сонгуулиа санхүүжүүлдэг хөрөнгийн эх үүсвэр биш. 

Н.Отгонбаатар, Үндэсний шуудан 

Холбоотой мэдээ

Сургалтын төлбөрийн хугацааг хойшлуулахыг иргэд хүслээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд их, дээд болон хувийн сургуулийн сургалтын төлбөрийн

08/04/2020

Ойд гал тавьсан тохиолдолд ГУРАВ дахин өндөр төлбөр ногдуулна

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар 1 шоо.метр модны үнэлгээг 2.7 дахин, 1 га  ойн э

08/04/2020

Covid 19: Дахин нэг тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Дэлхий

08/04/2020