Ч.Хүрэлбаатар: Түрээсээ буулгасан ААН-ийн татварыг нэг удаа чөлөөлнө | ДААМ.МН

28/02/2020 424

Өнөөдрийн хуралдаанд эдийн засгийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний талаар Сангийн сайд танилцуулсан билээ.  

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын хуралдаанаас коронавирусийн улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн нөхцөл байдлын үеэр эдийн засгаа дэмжих бодлогын талаар тогтоол гаргалаа. 

Энэ бол эдийн засагтай холбоотой хоёр дахь шийдвэр. Эхнийх нь хүнсний барааны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах чиглэлээр хил дээр авагддаг татваруудыг хойшлуулж, энэ хэмжээгээр чөлөөлөх хуул-ийн төсвийг боловсруулж, УИХ-аар шийдвэрлүүлэх асуудал байсан. 

Өнөөдрийн хуралдаанаар 8-9 заалттай Засгийн газрын тогтоолыг баталлаа. 

Нэгдүгээрт, нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалыг Монгол Улсын хилээр экспортлохдоо эрүүл ахуй, хорио цээрийн нөхцөл шаардлагыг ханган энэ ажлыг эхлүүлье гэдэг шийдвэр гаргалаа. Ачаа тээвэр эрхэлж байгаа жолооч хамгаалалтын хувцастай, машин нь ариутгалын нөхцөлтэй, хилээр гарсан өдрөө буцаж орсон байх зэрэг зохицуулалт хийх чиглэлийг өгч байгаа. 

Оюутолгойгоос гарч байгаа зэсийн баяжмал хэвийн гарч байгаа. Ариутгал, хорио цээрийг дэглэмийг сахиж ажиллаж байгаа. Яг тэр нөхцөлөөр уул уурхайн тээврийг үргэлжлүүлье гэж байгаа юм. 

Хоёрдугаарт, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадаагүй тохиолдол оногддог алданги, торгуулийг авахгүй. Үүнийг зохицуулах хуулийн төслийг боловсруулах чиглэлийг өгсөн. Үйл ажиллагаа нь хэвийн байгаа ААН-үүд цаг хугацаандаа төлөөд явахад асуудалгүй. Харин тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа нь доголдож НДШ-ээ төлөхгүй хойшлогдож байгаа бол үүнд нь алданги, торгууль ногдуулахгүй байх эрхзүйн орчин бүрдүүлэх шийдвэр гарч байна. 

Мөн энэ хугацаанд зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад худалдаа, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Гэхдээ энэ нь зөвхөн түрээсийн төлбөрөө буулгасан түрээслүүлэгчдэд зориулагдсан. 

Дээр нь улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний авлагатай бол түүнийг улсын болон орон нутгийн татварын өртэй нийцүүлэн суутгана. 

Урсгал зардалтай холбоотой асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдсэн.

Улсын төсвийг тодотгохгүй” гэлээ. 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 2016 оноос хойш улс оронд хүндрэлтэй байдал бий болоход Засгийн газар Монгол банк, Төв банктайгаа хамтарч арга хэмжээгээ уялдуулан, нийцтэй байдлаар гаргаж ирсэн. Монголбанкны зүгээр төв банкны тухай хуулиараа авах арга хэмжээ нь тодорхой хязгаартай байдаг.

Монголбанкны хувьд дотоодод болж буй эдийн засгийн байдлаас гадна гадаадад болж буй эдийн засгийн үйл явдлыг хянаж, судалж байгаа. Гаргаж буй бодлого шийдвэрүүдээ үүнтэй уялдуулахыг зорьж ажиллаж байгаа. Та бүхний мэдэж байгаагаар эдийн засагт нь эрсдэл үүсэж буй улс орнуудын төв банк нь тодорхой шийдэл гаргаж байгаа. Монголбанкны гаргаж байгаа мөнгөний бодлогын шийдэл нь Төрийн мөнгөний бодлогын хорооноос  гардаг. 

Тус хороо хуулийн дагуу улиралдаа нэг удаа хуралддаг бөгөөд энэ оны нэгдүгээр улирлын хурлыг гуравдугаар сарын 10-ны үеэр хийхээр төлөвлөн ажиллаж байна. Хурлаараа мөнгөний бодлогын хүүг яаж өөрчлөх, бууруулах боломжтой эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Хэрвээ бодлогын хүү буурвал зах зээл дээр дэмжлэг маягийн хандлага гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн банк хоорондын төлбөр тооцоон дээр нааштай зүйл гарна.Зээлийн хүү бодлогын хүү буурахтай холбоотойгоор банкнаас гарах зээлийн хүү буурах боломжтой. Зээлийн хүү буурснаар бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд дарамт буурна гэсэн үг.

Коронавирусын дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь V хэлбэртэй буюу огцом унаад огцом өснө гэж судлаачид үзэж байгаа юм билээ. Валютын ханш оны эхнээс 0.9 хувиар суларсан. Ханш ер нь тогтвортой байна гэж Монголбанкнаас харж байна.

Инфляци тогтвортой байгаа учраас ханш тогтвортой байна. Хангалттай хэмжээний валютын нөөц нийлүүлэгдэж байгаа” гэлээ. 

Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Зээлийн хүүг түр зогсоох, царцаах боломжууд бий юу?

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: -Хуулийн хүрээнд Төвбанкны зүгээс арилжааны банкны дотоод үйл ажиллагаанд оролцох боломжгүй. Хэрэв зээлийн хүүг байхгүй болгоно гэвэл хадгаламжийн хүү байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр төр ямар нэг байдлаар нөлөөлөх боломж байхгүй.

-Коронавирусийн тархалтаас үүдэн улсын төсвийн орлого хэр буурч байгаа вэ? 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: – Бид эдийн засаг яаж өөрчлөгдөх үү, коронавирус эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг судалсан дэлхийн томоохон судалгаанууд дээр үндэслэж шийдвэрээ гаргадаг. 

Эдийн засагт нөлөө үзүүлэх хэлбэр нь V хэлбэртэй байна гэсэн судалгаа гарсан. Энэ нь эдийн засаг огцом унаад эргэж сэргэнэ гэсэн үг. Бид авах арга хэмжээгээ эдгээр судалгаан дээр үндэслэж гаргасан. 

Хятадын тал 3-4 хоногийн өмнө манай талтай яриад нүүрс авахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Бид ариутгал, ариун цэврээ хангаад нүүрсээ нийлүүлэхэд бэлэн гэсэн үг. 

Төсөв дээр ачаалал ирнэ. Бид үүнийг тооцсон. Төсөвт ирэх ачааллыг оны төгсгөлд нөхөөд авна гэсэн тооцоотой байгаа. 

210-аад тэрбум төгрөгөөр төсвийн орлого буурсан байдалтай байна. 

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ | DAAM.MN

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-нд дөрвөн аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр гарчээ.  Тодруулб

26/10/2021

УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна | DAAM.MN

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс за

26/10/2021