
Хуулийн дагуу 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тавдугаар сарын 16-наас хойш тодорхой болно.
Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргасны нэг нь 2020 оны сонгуульд нэр дэвших боломжгүй хүмүүсийг албан бусаар тодруулжээ.
Тухайн жагсаалтад арав гаруй нэр байгаагаагаас УИХ-ын гишүүн М.Энхболд, Ц.Нямдорж, Б.Ундармаа, Д.Оюунхорол, Б.Батзориг тэргүүтэй хүмүүс багтсан ажээ.
Улмаар тус намаас нэр дэвшигчийг рейтингийн судалгаагаар тодруулах тухай мэдээлэл цацагдаж эхлээд байгаа юм.
Ингэхдээ намын дарга У.Хүрэлсүх нь МАН-аас нэр дэвшигчдэд МӨНГӨ бус ЁС ЗҮЙН шаардлага тавина гэж мэдэгдсэн удаатай.
Тэрбээр намын даргын хувьд намаасаа нэр дэвших нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй, намд хандив өгсөн мөнгөний хэмжээгээр албан тушаал амлахгүй гэдгийг сануулсан. Харин оронд нь ёс зүйн болон олон нийтийн дундах рейтинг, нэр хүндийн шалгуур тавихаа анхааруулсан.
Тэгвэл МАН-аас нэр дэвших хэд хэдэн хүний нэр тодорхой болоод байгаа билээ. Тэдгээр хүмүүс нь оноос өмнө үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Тодруулбал, БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Хавдар судлалын үндэсний төвийн дарга асан, гавьяат эмч Ж.Чинбүрэн, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн, “Эрдэнэс Монгол” ХК-ийн дэд захирал О.Одбаяр, МИАТ компанийн дэд захирал Н.Энхбаатар нарын нэрс хөвөрсөн.