
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын үндэсний олимпын хороонд хандаж, Дэлхийн аваргад оролцох хүсэлтээ хүргүүлж байгаа аж.
Учир нь Э.Цэндбаатар нь ёс зүйн доголдол гаргаж хууль бус үйлдэлд хэдэнтээ нэр холбогдсон учир хариуцлага тооцож ийнхүү хасч байна хэмээн тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд мэдэгдсэн.
Тодруулбал, энэ сарын 05-ны өдөр /2021.09.05/ Монголын боксын холбооны бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж ерөнхийлөгчөөрөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг сонгосон. Уг хурлын дараа Э.Цэндбаатар хэсэг залуусын хамт пабад архидаж улмаар зодуулсан бөгөөд уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж буй юм. Энэхүү зодоонд нэр холбогдсон нь түүнийг үндэсний шигшээ багаас хасахад ихээхэн нөлөөлсөн гэж тус холбооны удирдах зөвлөлөөс мэдэгдсэн билээ.
Түүний өмгөөлөгчийн хэлснээр, Монголын боксын холбоо нь Э.Цэндбаатарыг Улсын шигшээ багаас хасах эрхгүй гэнэ. Ердөө л нэг төрийн бус байгууллага Улсын шигшээгээс тамирчин хассан нь хууль бус гэж үзэж буй аж. Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасах эрх Биеийн тамир, спортын улсын хороонд л байгаа гэж үзэж байгаа юм байна.