
Польш улс ОХУ-ын “Газпром”-той байгуулсан байгалийн хий худалдах, худалдан авах гэрээг цаашид сунгахгүй болжээ. Эрчим хүчний дэд бүтцийн төлөвлөлт хариуцсан төлөөлөгч Петр Наимский энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Польш улс Даниар дамжин тавигдаж буй “Baltic Pipe” хоолойгоор дамжуулан Норвегиос хэрэгцээгээ хангах юм байна. Нийлүүлэлт 2022 оны аравдугаар сарын 1-нээс эхлэх юм. “Газпром”-той байгуулсан гэрээ мөн өдрөөр дуусаж байгаа юм.
“Baltic Pipe” байгалийн хийн хоолойн өртөг 1.7 тэрбум евро бөгөөд ихэнхийг нь Польшийн байгалийн хий түгээлтийн Gaz-System компани гаргах гэнэ. Энэ хоолойг барьж байгуулснаараа Польш зөвхөн байгалийн хий импортлохоос гадна цааш нь дамжуулж зардаг экспортлогч болохыг зорьж байгаа аж. “Газпром”-оос татгалзсан шалтгаанаа Варшав хэт өндөр үнэтэй холбон тайлбарлаж байгаа юм.