
БНАСАУ есдүгээр сарын 28-нд зүүн тэнгисийн уснаа үл мэдэгдэх пуужин харвасан тухай мэдээлсэн. Тэгвэл шинэ зэвсэг нь “Хвасон-8” хэмээх хэт авианы пуужин байсан тухай тус улсын төв хэвлэл Родонг Синмун сонин мэдээлжээ.
Сонинд өгүүлсэнээр хойд Чагандо мужид туршилт амжилттай явагдсан бөгөөд пуужингийн маневрлах чадвар, тогтвортой байдлыг баталгаажуулж, гулсалтын шинж чанарыг шалгасан гэжээ. Түүнчлэн БНАСАУ -ын цэргийнхэн хөдөлгүүр, түлшний системийн тогтвортой ажиллагаанд итгэлтэй байсан гэж сонин тэмдэглэжээ.
Гэхдээ пуужин хэр хол ниссэн тухай мэдээлэл өгөөгүй байна. “Хвасон-8” -ыг БНАСАУ-ын Цэргийн шинжлэх ухааны академи стратегийн зэвсэг бүтээх таван жилийн төлөвлөгөөний хүрээнд бүтээжээ. Нэгдүгээр сард Хөдөлмөрийн намын VIII их хурлаар БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун хэт авианы зэвсэг бүтээх хөтөлбөрөө үргэлжлүүлж байгаагаа мэдэгдэж байв.
Мягмар гарагт БНСУ-ын арми Умардын нутгаас Япон тэнгис рүү ойрын тусгалтай пуужин хөөргөсөн тухай мэдээлсэн юм. Тэдний тооцоогоор пуужин 200 орчим км зайд ниссэн бөгөөд нислэгийн өндөр нь 30 орчим км байжээ.