МҮЭХ: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2022 онд 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардлаа | DAAM.MN

30/09/2021 708

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр (2021.09.30) мэдээлэл хийлээ. Тус холбооноос Улсын их хурлын намрын чуулган эхлэхтэй холбогдуулан ирэх оны улсын төсөвт тусгаж өгөх хэд хэдэн шаардлага тавьж байгаа аж. Тухайлбал, МҮЭХ 2022 оны төсөвт цалин, тэтгэвэр тэтгэмжийг 20 хувиар нэмэх, хөдөлмөрийн зах зээлийг анхаарч, ажил эрхлэлтийг бодитой дэмжихийг шаардав. Мөн цар тахлын үед хэрэгжүүлж буй арга хэмжээг хэвээр хадгалах, ажлын байрыг хадгалахыг хүсчээ.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар

“УИХ-ын Намрын чуулган эхлэхтэй холбогдуулан МҮЭХ-ноос УИХ, Засгийн газарт урьдчилсан байдлаар гурван чиглэлээр саналаа хүргүүлсэн. Тодруулбал, 2022 оны төсвийг батлахтай холбогдуулан Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд хэд хэдэн асуудлыг тусгуулах шаардлагатай байна. Үүнд,

1.Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2022 онд үе шаттайгаар 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлэх эх үүсвэрийг улсын төсөвт суулгах

2.Төрийн болон орон нутгийн өмчит ААН-үүдийн нэмэгдүүлсэн цалин хөлсийг төсөвт тусгуулах

3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг төсөвт тусган хэрэгжүүлэх

4.Төсвийн хэмнэлтийн тухай 43 дугаар тогтоолын холбогдох заалтыг эргэн харах, сөрөг үр дагаврыг арилгахыг шаардаж байна.

Монголын төмөр замчдын үйлдвэрчны эвлэлийн холбоон дарга Б.Баяраа:

-Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хоёр эрэгтэй тутмын нэг нь, дөрвөн эмэгтэй тутмын нэг нь тэтгэврийн насанд хүрэхээс өмнө өөд болж байна. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэн тэтгэврээ авч чадаагүй бол өвлүүлэх асуудлыг анхаарч, шийдвэрлэх ёстой байна. Мөн цаашид нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх хэрэгтэй. Ард иргэдийн амьдрал өдөр ирэх бүр хүнд, хэцүү болж байна.

Нэрийн дансанд байгаа тухайн хүний нийгмийн даатгал хэлбэрээр төлж буй мөнгийг өвлүүлэх тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй. Тэтгэврээ авч чадахгүй байгаа даатгуулагчид нийт хүмүүсийн 50 хувийг эзэлж байна.

Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөллүүд “Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийг эрт тэтгэвэрт гаргахгүй байхыг эрс эсэргүүцэж байна. Ажиллах нөхцөл, хөдөлмөрийн зах зээлээ удирдлагын түвшинд байгаа хүмүүс харах хэрэгтэй. Түүний оронд Капитал банкинд байршуулсан байсан 300 гаруй тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын мөнгийг бүрэн барагдуулж, иргэдийг хохиролгүй болгох ёстой” гэж хэллээ.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчны эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа:

-Эрүүл мэндийн байгууллагын ажилчид ажлаа хийж байхдаа нас барах, үйлдвэрлэлийн осолд орох зэрэг олон тохиолдол гардаг. Бид долдугаар сараас хойш жагсч, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Гэсэн ч одоог хүртэл шийдвэрлээгүй.

Улсын дундаж цалин нэг сая 395 мянган төгрөг байхад эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин 670-750 мянган төгрөг байна.

Ажил үүргээ гүйцэтгэж яваад Covid-19-өөр өвдсөн байхад цалинг нь бүтнээр олгохгүй байгаа ажил олгогчид хүртэл байна. Хөдөлмөрийн хөлсийг хуулийн дагуу тогтоох хэрэгтэй байна. Хэрэв төр засаг анхаарахгүй бол бид тэмцлээ үргэлжлүүлнэ.

Сургууль дээрээ нас барсан багшийн ар гэрт нөхөн олговор ч өгөөгүй.

 

Холбоотой мэдээ

Долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохоор болов | Даам.мн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарг

04/07/2022

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдын хөрөнгө, орлого ₮5.47 тэрбумаар БУУРЧ, З.Мэндсайханых ₮2.5 тэрбумаар өсчээ | Даам.мн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтг

04/07/2022