
Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гаргасан хүсэлтийн дагуу ДАШТ-д “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулгатай халз өрсөлдүүлэн, ялсныг нь явуулахаар шийдвэрлэсэн. Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд 13:00 цагаас Орхон аймгийн Сэлэнгэ баазад болох бөгөөд тэмцээнийг “NTV” телевиз болон сайтаар шууд дамжуулан үзүүлнэ.
“Сорил тэмцээнийг гурван минутаар гурван удаа явуулах бөгөөд таван шүүгч шүүнэ. Жинг 60 кг гэсэн хатуу шүүлтээр шүүнэ. Нэг ч грамт илүү байх ёсгүй” гэдгийг албаныхан онцолсон.
Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасч, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаад байсан юм. Монголын боксын холбоо ДАШТ-д оролцох тамирчдаа сорилоор шалгаруулахад Э.Цэндбаатарын жинд “Алдар” нийгэмлэгийн О.Тулга ялсан юм. Э.Цэндбаатар буруугаа хүлээн уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг гаргасан бөгөөд Монголын Залуучуудын холбоо төдийгүй 2000 гаруй иргэний хүсэлт мөн ирснийг харгалзан холбооны Удирдах зөвлөл яаралтай хуралдан дээрх шийдвэрлэсэн билээ.