
БЭЭЖИН. /Bloomberg/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10 дугаар сарын сүүлчээр Ромд болох “G20” буюу “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцохоор төлөвлөөгүй байна гэж “Bloomberg” агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээлэв.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Хятад улс есдүгээр сард Флоренцод болсон “Хорийн бүлэг”-ийн элчин нарын уулзалтын үеэр энэ талаар дипломат шугамаар мэдэгдсэн байна. Энэхүү шийдвэрийн учир шалтгааны талаар ярихдаа Хятадын дипломатчид тус улсад мөрдөгдөж буй дүрэм журмыг дурджээ.
Ши Жиньпин өнгөрсөн оны нэгдүгээр сарын дунд үеэс хойш эх орноосоо гараагүй юм.
“Хорийн бүлэг”-ийг энэ жил даргалж буй Италийн эрх баригчид дээрх мэдээллийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Лондон болон Ром хот дахь Хятадын Элчин сайдын яамдаас мөн тайлбар өгөөгүй байна.
“Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт 10 дугаар 30-31-нд Италийн нийслэл Ром хотод болно. Бүлгийг даргалж буй Итали улс мөн 10 дугаар сарын 12-нд Афганистаны асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулна.
Эх сурвалж: МОНЦАМЭ