
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
Өнчин ишиг хулгайлсан ч гэмт этгээдэд зохих ял шийтгэлийг эдлүүлж, малын хулгайн гэмт хэрэгт зөвхөн хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулдаг зохицуулалт оруулахаар хуулийн төсөл санаачлагч болон ажлын хэсэг үзсэн байна. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд найман бог, эсхүл хоёр бодоос дээш мал хулгайлсан, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн этгээдэд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, 1 бог хулгай хийвэл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасан байна.
Өнчин ишиг хулгайлсан байсан ч хорих ялаар шийтгэнэ
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр өнчин ишиг хулгайлсан байсан ч хорих ялаар шийтгэнэ. Бусдын олон тооны мал хулгайлсан, бүлэглэсэн бол 2-8 жил хорихоор болж байгаа. Ганцаараа хулгайлсан тохиолдолд 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорино. Мал хулгайлахдаа портер машинаа ашигласан бол хүндрүүлсэн нөхцөлд тооцож, машиныг хураана” гэв.