
Дорноговь аймаг, Сайншанд сум долдугаар багийн “Найрамдал” гудамжинд кабелын нүх ухаж байсан “Уртын-Уул” ХХК-ийн ажилтнууд байлдааны зориулалттай сум олсон тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 17:01 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 17:05 цагт очиход 100 мм-ийн голчтой “МТ-12 пушка” загварын танк эсэргүүцэгч их бууны нэг ширхэг сум байсныг тууз татан хамгаалж, тухайн байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд тухайн газрыг аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалтанд авсан. Мөн Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай жижүүрт мэдэгдсэн.
Эх сурвалж: ОБЕГ