
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан дөнгөж сая /2020.01.17/ сэтгүүлчдийн асуултанд хариулав

-Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл нь юу вэ?
-Үндэслэлийг одоогоор хэлэх боломжгүй. Учир нь миний үндэслэлийг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, шийдвэрээ гаргаагүй байгаа учраас, шийдвэрээ гаргасных нь дараа санал, үндэслэлээ хэлдэг.
-Яагаад шийдвэр гаргаагүй юм бэ?
-Би түүнийг нь гишүүдээс түрүүлээд хэлэх боломжгүй. Би саналаа оруулчихсан, эцэслэж шийдвэрлээгүй байгаа асуудлыг ярьж болдоггүй юм.
-Хэрэв таны саналыг хүлээж авахгүй бол яах вэ?
-Ямар ч арга байхгүй. Та бүхэн мэдэж байгаа, өмнө өөр олон гишүүнийг бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудлыг УЕП-оос оруулж байсан ч УИХ түдгэлзүүлээгүй асуудал бий. Цаашдаа мөрдөн байцаах, хэрэг бүртгэлийн ажиллагаа зогсохгүй, үргэлжилнэ.
-Та ямар учир шалтгаанаар ажилдаа ирэхгүй удав?
-Нэг асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Хэвлэл мэдээллийнхэн та бүхэнд ёс зүйн зарчим бий, түүн шиг бидэнд ч бий. Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Надад ч ирсэн. Хувь хүний эрүүл мэндийн мэдээллийг нууцлах заалт бий, бие биенийхээ хувь хүний нууцад хүндэтгэлтэй хандъя. Би эрүүл мэндийн шалтгаанаар хэсэг хугацаанд ажиллаагүй. Би эмчлүүлсэн, гам барьсан. Өнөөдөр ажилдаа орлоо.
-Нэр бүхий гишүүдийг дахин эргүүлэн татна гэсэн мэдээлэл байна. Энэ хэр бодитой вэ?
-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад яригдах асуудал. Одоогоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын байгууллагаас хэн нэгэн гишүүнийг түдгэлзүүлье гэдэг санал ирээгүй байна.
-Хуулиараа УИХ-д өмнө нь нэр нь орж ирсэн гишүүний нэрийг дахин оруулж ирэх боломжтой байдаг уу?
-Мөрдөх байгууллагуудын ажил, явцаас асуудал шийдэгддэг.
-Өнөөдрөөс Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой бичлэг задарлаа. Прокурорын байгууллагаас уг бичлэг задарсан байж болзошгүй гэж үзэж байгаа. Хяналт, шалгалт хийж байгаа вэ?
-Мөрдөн шалгах ажиллагааны бичлэг яагаад задрав гэдгийг бид өнөөдрөөс эхлээд шалгаж эхэлж байна. Нотлох баримт яагаад задрав гэдэг асуудал хүссэн хүсээгүй шалгагдана. Шалгагдах ёстой.