
АНУ коронавирусийн тахлын дараагийн голомтын төв болох магадлал өндөр байгааг ДЭМБ-аас анхаарууллаа.
Сүүлийн өдрүүдэд вирусийн тархалт АНУ-д эрчимтэй нэмэгдсэн нь ингэж дүгнэхэд хүргэж байгааг ДЭМБ-ын төлөөлөгч Маргарет Харрис өчигдөр /2020.03.24/ Женев хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд шинээр илэрсэн халдварын тохиолдлуудын 85 хувь нь Европ болон АНУ-д бүртгэгдсэн. Үүний 40 хувь нь АНУ-д бүртгэгдсэн байна.
АНУ-ын зарим мужууд тахалтай тэмцэхэд өөрийнх нь дотоод нөөц боломж шавхагдаж, холбооны засаг захиргаанаас дэмжлэг дутагдаж буйг шүүмжилж байгаа. Ерөнхийлөгч Дональд Трамп ч үүнийг хүлээн зөвшөөрсөн.
Одоогоор АНУ-д 53700 халдварын тохиолдол бүртгэгдэж, 700 хүн нас бараад байна.