
Өчигдөр буюу арваннэгдүгээр 29-нд зам тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал, Цэцэрлэгээ тараад ээжтэйгээ хамт явж байсан таван настай хүүхдийг “Bongo” маркийн улсын дугааргүй автомашин мөргөж амь насыг нь хохироосон асуудал гарсан.
Уг хэргийн талаар тээврийн цагдаагийн албанаас тодруулахад: Тухайн зам тээврийн осол 11 сарын 29 өдөр баянгол дүүргийн 13 хороо Хасбаатарын гудамж буюу Өргөөгийн хойд замд бүртгэгдсэн . Зам тээврийн ослын дуудлага 17 цагийн орчимд бага насны хүүхдийг портер маркийн автомашин мөргөлөө гэсэн дуудлагын дагуу шуурхай удирдлагын төв очсон. Хэргийн газрын үзлэгээр таван настай хүүхдийн амь нас хохирсон. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн . Урьдчилсан байдлаар тухайн тээврийн хэрэгслийн дугуйн хээний элэгдэл нь тогтоосон хязгаараас хэтэрсэн нь тогтоогдсон.
Энэ оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн хэрэг ослын улмаас 44 хүүхдийн амь нас хохирсон. Тэгэхлээр монголын ирээдүй болсон хүүхдүүд, энхрий бяцхан үрсийн аюулгүй байдалд цагдаагийн байгууллага хяналт тавихаас гадна эцэг, эхчүүд, хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар үүрэг хариуцлагатай байх зайлшгүй шаардлагатай байна.
Иймд жолооч та хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах нь өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө хийж байгаа ухамсарт үйлдэл гэдгийг анхаарна уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.