Л.Оюун-Эрдэнэ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ нэрээр МАН дахь М.Энхболдын “гар, хөлийг” ТАЙРНА | DAAM.MN

07/12/2021 13481

МАН-ын ХХХ Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн хурлаар МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулах, намын шинэ даргыг сонгох зэрэг чухал асуудлуудыг хэлэлцлээ. Ялангуяа МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргад сонгох санал хураалтад  оролцсон нийт төлөөлөгчдийн 99.72 хувь нь дэмжсэнээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг эрх баригч намын даргаар жинхэлсэн. Ингэснээр төрийн хийгээд МАН-ын дийлэнх эрх мэдэл Л.Оюун-Эрдэнийн гарт төвлөрч байна.

МАН-ын XXX Их хурал товлогдох сургаар Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ намынхандаа хандаж “авлига авсан гишүүдээ өмөөрч чадахгүй шүү” гэх мессежийг олон удаа өгсөн. Ер нь МАН-ын шинэ дарга Л.Оюун-Эрдэнийн шинэ амбиц нь авлигатай тэмцэх ажил. Тиймдээ ч энэ удаагийн намын хурлаар дүрмэндээ өөрчлөлт оруулж авлигачин гишүүдээ намаасаа хөөхөөр шийдвэрлэв.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Намын гишүүдийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэхийн тулд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцдог болж байна. Энэ талаар намын дүрэмд тусгалаа. Тодруулбал, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод шүүхийн шийдвэрээр ял авсан бол тэр хүнийг намын гишүүнчлэлээс хасна” гэх мэдээллийг өгсөн юм. МАН-ын дүрэмд орсон энэхүү өөрчлөлтөөр бол цөөнгүй улс төрч намаасаа хөөгдөх нь тодорхой болж байна.

Авлигын хэргээр шалгагдаж буй, ял авсан МАН-ын гишүүд цөөнгүй. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа авлигад авсан мөнгөө ажлын байран дээрээ хадгалж байгаад хуулийнханд “гардуулсан”. Өдгөө авлигын хэргээр хуулийн байгууллагад шалгуулж байна. Тэрбээр хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр болсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдах болсон. Өөрөөр хэлбэл Д.Хаянхярваа авлига авснаа хүлээн зөвшөөрч, ялаа хөнгөлүүлэх шийдвэрийг гаргасан нь энэ. Нэгэн цагт Сангийн сайд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга хүртэл хийж явсан тэрбээр авлигын хэрэгт холбогдсон учир ийнхүү намаасаа хөөгдөх нь нэгэнт тодорхой болж буй нь энэ юм.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат шүүхээс ял шийтгүүлж байхдаа УИХ-д сонгогдсон анхны гишүүн гэх тодотголтой. Тэрбээр мөн л албан тушаалын хэргээр хоёр ч шатны шүүхээс ял шийтгүүлсэн ч МАН-ын гишүүдийн хүчтэй “лобби” шүүн таслах ажиллагаанд нөлөөлж улмаар УИХ-ын гишүүний тангарагийг нь өргүүлж УИХ-ын гишүний бүрэн эрх гэх хамгаалалтад оруулж амжсан. Харин одоо албан тушаалын хэргээр ял шийтгүүлж явсан Ж.Эрдэнэбатыг МАН-ын удирдлагууд намаасаа хөөж чадах эсэх нь анхаарал татаж байна.

Түүнээс гадна өмнөх парламентад сууж,  хууль батлалцаж явсан МАН-ын хэд хэдэн гишүүн авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож ял авсан байдаг. Тухайлбал УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нар мөн л ЗГ-ын тусгай сангийн хөргийг эрхэлж буй албан тушаалаа урвуулан ашиглаж өөрт хамаарал бүхий хуулийн этгээдэд давуу байдал олгон цөлмөсөн хэрэгт холбогдон ял авсан түүхтэй. Харин одоо намын дүрэмд орсон өөрчлөлтийн дагуу эдгээр улс төрчдийг МАН-аас хөөх ёстой.

Нэг сонирхолтой зүйл ажиглагдаж байгаа нь авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдож хуулийн байгууллагын үүдийг сахих болсон МАН-ын гишүүдийн дийлэнх нь М.Энхболдыг МАН-ын дарга, “хаан” байхад нь тойрон хүрээлж байсан нөхөд голдуу байгаа нь илт. Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваагаас эхлүүлээд авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж буй Сэлэнгэ аймгийн засаг дарга асан Ш.Оргил хүртэл олон дарга бий.

 Шуудахан хэлэхэд МАН-ын шинэ дарга Л.Оюун-Эрдэнэ намаа авлигачдаас салгах нэрээр МАН доторх М.Энхболдын хүмүүсийг онилж хуулийнхнаар шалгуулж намаасаа зайлуулахаар зэхсэн нь энэ. Гагцхүү ганц үнэн зүйл нь авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан л бол хэний хүн байхаас үл хамаарч хуулийн, ёс зүйн хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцнэ.

Холбоотой мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Иргэн бүр эх оронч худалдан авагч байхыг  уриаллаа | Даам.мн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ү

30/06/2022

Төрийн дуулал, далбаа, сүлдэд алдаа байгаа хэмээн үзэж байна |Даам.мн

“Эх нутаг, хүн зон олноо хамгаалъя” төрийн бус байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, төрийн ду

30/06/2022

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голууд үерийн түвшинг 25 сантиметрээр даваад байна |Даам.мн

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 30-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй

30/06/2022